Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Энэрэл төвд ном уншъя” үйл ажиллагааг энэ удаа Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон “Миний онцгой өдөр” нэртэйгээр өргөжүүлэн зохион байгууллаа.
Тэд тус төвийн хүүхдүүдийг бага, дунд, ахлах насны ангилалд хуваан, насны онцлогт нь тохирсон үйл ажиллагаа зохион байгуулж, аз жаргалтай дурсамж бүтээхийг зорьжээ. Тухайлбал, бага ангийн 26 хүүхдийг тоглоомын төвд тоглуулж, “Angel Kids Event” хүүхдийн төвийн хамт олны бэлтгэсэн сонирхолтой хөтөлбөрт хамруулж, нэгэн өдрийг баяр хөөр, халамж хайраар дүүрэн өнгөрүүлж, хүүхэд бүрд гарын бэлэг өгсөн байна. Харин дунд ангийн хүүхдүүдтэй хамт кино үзэж, багийн ажиллагаа, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлийн сонирхолтой сургалтад хамруулан, хөгжөөнт тоглоом тоглож, амтат хоолтой дулаан яриа өрнүүлж, мөн гарын бэлэг гардуулжээ.
Ахлах ангийн хүүхдүүдэд ирээдүйгээ төлөвлөх, мөрөөдлөө тодорхойлох онцгой боломжийг олгов. “Көүч Жаргаа” багшийн сургалтын төвийн ментор багш Н.Гэрэлтуяаг урьж, далд ухамсар, мөрөөдлөө бодит болгох, өөртөө итгэх итгэлийг бий болгох талаар хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл өгч, Эрдэнэт цогцолбор их сургуулийн “Онцлох диплом”-той төгсөгч, Баяжуулах үйлдвэрийн ажилтан Б.Маралмаа “Хэрхэн амжилттай суралцах вэ” сэдвээр өөрийн туршлага мэдлэгээ хуваалцсан байна. Мөн хүүхдүүд “Мөрөөдлийн самбар”-аа бүтээжээ.
Аж ахуй, үйлчилгээний цехийн хамт олон “Энэрэл” төвийн хүүхдүүдэд нэг өдрийн турш аав, ээж, ах эгч нь болж, хүслийг нь биелүүлж, мөрөөдлийг нь сонсож, “Чи ганцаараа биш шүү” гэсэн мэдрэмжийг өгөхийг хичээсэн гэж тус цехийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга П.Эрдэнэтуяа ярилаа.















