Эрдэнэт хотын ууган сургуулиудын нэг, Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ерөнхий боловсролын Орос 19 дүгээр сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр ёслол төгөлдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, сургуулийн удирдлага, багш ажилчид, эцэг эх, асран хамгаалагчид, нийт суралцагчид оролцов.
Тус сургууль 1974 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 52 дахь хичээлийн жилээ 900 гаруй суралцагчтайгаар эхлүүлж байна. Сургуулийн захирал Степанова Светлана Иннокентьевна Эрдэнэтчүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд, энэ жил сургалтын чанар, сурагчдын хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй, ач холбогдол өндөртэй математик, физик, мэдээллийн технологи зэрэг хичээлийн сургалтыг чанаржуулж, англи хэлний сургалтыг эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ОХУ-ын Гэгээрлийн яамны Хамтын ажиллагааны төвтэй байгуулсан гэрээний дагуу есөн шинэ багшаар бүл нэмснийг дуулгаж, тэдэнд ажлын амжилт хүслээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр 2025-2026 оны хичээлийн жилийн онцлох үйл явдал, ололт амжилтаас танилцуулж, авьяаслаг суралцагчид урлагийн үзүүлбэрээр бэлэг барьж, өөдөө тэмүүлэхийг бэлгэдэн онгоц хөөргөж, хонхны дуунаар хичээл эхлэв.
Өнгөрсөн хавар тус сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдаас таван суралцагч алтан медаль, зургаан суралцагч мөнгөн медальтай төгссөн байна. Мөн 16 сурагч ОХУ-ын их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрх авч, сургалтын өндөр амжилтаа бататгажээ.
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн барилгад гал унтраах систем суурилуулан, халаалт, усан хангамж, ариутгах татуургын системийг шинэчилжээ. Мөн бага ангийн суралцагчдын хувцас солих өрөө болон хүнсний агуулах, урлаг заалыг өргөтгөжээ.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн харьяа Ерөнхий боловсролын 19 дүгээр сургууль шинэ хичээлийн жилээ сургалтын чанар, суралцагчдын хөгжил, багшлах боловсон хүчний чадавх, сургалтын орчныг сайжруулах зорилттойгоор эхлүүллээ.















