“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Трансвест Монголиа” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус үйлдвэрийн Авто тээврийн цехэд Комацу HD1500-8 загварын 8 нэгж авто машиныг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Эрдэнэт үйлдвэр Комацу загварын хүнд даацын авто машиныг үйлдвэрлэлийн ажилдаа нэвтрүүлснээр уулын тээврийн ажилд ямар үр дүн үзүүлж буй талаар Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндоржоос тодрууллаа.
-Эрдэнэт үйлдвэр, Япон улсын Комацу HD1500-8 загварын 8 нэгж автомашинаар техникийн паркаа өргөтгөн, шинэчилж байна. Ингэснээр парк шинэчлэлийн төлөвлөгөөний биелэлт ямар түвшинд хүрч байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр маань хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогынхоо хүрээнд Авто тээврийн цехийн техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болон парк шинэчлэлийн чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2025-2026 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу манай цехэд нийт 8 нэгж “Komatsu HD1500-8” маркийн авто машиныг хүлээн авч, ашиглалтад орууллаа. “Трансвест Монголиа” ХХК, 2024 оны сүүлээр манайд 10 нэгж ийм авто машин нийлүүлж байсан. Үүн дээр одоогийн 8 автомашин нэмэгдэж, нийт 18 хүнд даацын авто машинтай болсноор манай цехийн паркийн 40 орчим хувь нь Комацу загварын техник болж байгаа юм.
-Тодорхой хугацаанд, тодруулбал нэг жил гаруй хугацаанд Комацу загварын хүнд даацын машинуудыг үйлдвэрлэлд ашиглаж байна. Давуу тал, үйлдвэрлэлд үзүүлж буй үр ашиг хэрхэн харагдаж байна вэ?
- Комацу HD1500-8 маркийн авто машинууд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, техникийн сайн үзүүлэлт шингээсэн учраас одоо манайд ашиглагдаж буй хүнд даацын бусад машинуудаас олон талын давуу тал үзүүлж байна. Тухайлбал, Комацу HD1500-8 загварын автомашины паркад эзлэх хувь 40 шахамд хувьд хүрч, паркийн насжилт 1,5 жилээр буурч, техникийн бэлэн байдлын итгэлцүүр 2 нэгжээр, парк ашиглалтын итгэлцүүр 1 нэгжээр өсөж, техник ашиглалтын үндсэн үзүүлэлтүүд тус тус сайжирч байна. Өнгөрсөн 1,5 жилийн хугацаанд Комацу HD1500-8 загварын 10 нэгж автомашиныг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар нийт 20.2 сая м3 уулын цул тээвэрлэж, 213.5 сая т/км ачаа эргэлтийн ажил хийж гүйцэтгэсэн нь одоо ажиллаж байгаа ижил төрлийн хүнд даацын өөрөө буулгагч автомашины ажлын гүйцэтгэлтэй харьцуулахад уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан байна.
Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Комацу загварын эдгээр хүнд даацын өөрөө буулгагч нь зөвхөн даац, хүчин чадлыг нэмэгдүүлээд зогсохгүй үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын тохилог тав тухтай орчин, аюулгүй ажиллагаа болон байгаль орчинд ээлтэй технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буйг хэд хэдэн чиглэлээр тодорхойлж хэлье. Нэгдүгээрт, хамгийн орчин үеийн дижитал технологи, ухаалаг хяналтын системээр тоноглогдсон тул түлш зарцуулалтыг багасгаж, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж байна. Дараагийн нэг давуу тал нь, жолооч болон операторуудын ажиллах орчны тохилог, харууц сайтай, аюулгүй байдлыг олон улсын стандартад бүрэн нийцүүлж, осол эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн, автомашины хөдөлгүүр нь АНУ-ын хүлэмжийн хийн ялгаруулалтын EPA TIER 2-р шатны стандартыг хангаснаар хүлэмжийн хийн ялгарал болон агаарт тархах утааны хэмжээг бууруулж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахад томоохон түлхэц болж байгаа зэрэг олон давуу тал харагдаж байна.
-Комацу үйлдвэртэй хэдэн оноос хамтын ажиллагаатай ажиллаж байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр, Комацугийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголия” компанитай гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Гэрээнд заасан үүргээ хариуцлагатай биелүүлж, хүнд даацын авто машинуудыг хугацаандаа, шуурхай нийлүүлэн ажиллаж байгаа тус компанийн хамт олонд талархал илэрхийлье. Өмнө нь манайд Беларусь улсын БелАЗ-75131 загварын хүнд даацын автомашинууд ашиглаж байсан. Орос, Украйны зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатай сөрөг үр дагавраас шалтгаалан чанартай Камминс хөдөлгүүр бүхий автомашин худалдан авахад хүндрэл үүссэн. Олон нийтэд нээлттэй зарласан тендерт Комацугийн албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК шалгарснаар, манай үйлдвэрийн газарт Комацу HD1500-8 авто машинуудыг ашиглаж эхлээд байна.
-Одоо Авто тээврийн цехэд хүнд даацын нийт хэчнээн авто машин уулын тээврийн ажилд явж байгаа вэ?
-Уурхайн тээврийн авто машины парк нийт 47 авто машинтай ажиллаж байна. Үүний 18 нь Комацу, бусад 29 нь Беларусь улсын БелАЗ-75131 загварын машинууд. Өөрөөр хэлбэл, хоёр төрлийн хүнд даацын авто машинууд уулын тээврийн ажилд ашиглаж байна.
-Техник технологийн дэвшил бүхий техникүүдийг жолоодох, тэдгээртэй ажиллах ажилтнуудын мэдлэг чадвар, дадлага сургалтын талаар хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? Тээврийн хэрэгслүүд ашиглахад уурхайчид, жолооч нар хэр бэлтгэгдэж байна вэ?
-Жолооч, операторуудаа сургаж, бэлэн байлгах нь хамгийн чухал асуудал. Тиймээс авто машин худалдан авах тендерийн шаардлага дотор жолооч, операторуудыг бэлтгэх сургалтыг заавал гүйцэтгэх тухай оруулж өгсөн. Ингэснээр, нийлүүлэгч “Трансвест Монголия” ХХК-ийн зүгээс өөрийн мэргэжлийн багш нараа манайд ажиллуулж, жолооч операторуудыг сургаж, дадлагажуулж байна. Сүүлийн 1,5 жилийн хугацаанд манай жолооч нар өндөр бүтээмж, технологийн дэвшил бүхий техникийг амжилттай сайн эзэмшиж, үр дүнд нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үзүүлэлт дээшилж байгаад таатай байна.
-Дараагийн парк шинэчлэлд оруулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөө юу байна вэ?
-2027 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд бид 220 орчим тонны даацтай автомашин худалдаж авахаар тусгасан байгаа. Нээлттэй тендер зарлаж, нийлүүлэгчийг шалгаруулна. Одоогоор бид даацаа нэмэгдүүлж, нэг тонн уулын цул тээвэрлэх ажлын өөрийн өртөг, зардлыг бууруулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
-Ярилцаж, мэдээлэл өгсөнд баярлалаа.















