“СОР17”-ийн “Газрын өдөр”-ийн үйл ажиллагаа үдээс хойш “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн харьяа есөн компанийн байгаль орчны мэргэжилтэн, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хариуцсан төслийн нэгжийн удирдах ажилтнууд оролцсон хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлгээр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүлээсэн амлалтын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид үйл ажиллагааг эрчимжүүлэх боломж, шийдлийн талаар оролцогчид санал бодлоо солилцов. Мөн төрийн байгууллага болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог хэрхэн илүү үр дүнтэй зохион байгуулах талаар хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудаар санал, зөвлөмж боловсрууллаа.
Тухайлбал, байгаль орчин, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй уялдуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажил, оруулсан хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн тооцох, санхүүгийн бүртгэлд тусгах, элэгдэл хорогдлыг тооцох зэрэг тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцав. Оролцогч байгууллага бүр өөрийн үйл ажиллагааны онцлог, туршлагад тулгуурласан санал дэвшүүлсэн бөгөөд төрийн холбогдох байгууллагууд цаашид хамтын ажиллагааны зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох чиглэлээр нэгдсэн шийдлийн төлөвлөгөө боловсруулан ажиллахаар болов.
Энэ үеэр, Эрдэнэт үйлдвэрийн зүгээс оролцогчдын мэдлэг, туршлагыг сорьсон байгаль орчин, уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалттай холбоотой сонирхолтой асуулт, хариултын завсарлага зохион байгуулж, зөв хариулсан оролцогчдод гарын бэлэг гардууллаа. Ийнхүү “Газрын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг төр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлт, байгаль орчны нөхөн сэргээлттэй уялдуулан цогцоор нь авч үзэх шаардлагатайг онцолсон юм.















