Засвар, механикийн завод оны эхний хагас жилд цутгамал бүтээгдэхүүн, механик боловсруулалттай эд анги, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмж, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө тус бүрийг 100 давсан хувиар биелүүлсэн амжилттай ажиллажээ. Тухайлбал, цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төлөвлөгөө 103, механик боловсруулалттай эд ангийнх 112, металл хийц ба стандартын бус тоног төхөөрөмжийнх 110, резинэн эдлэлийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 103 хувийн биелэлттэй байв.
Тус цех тайлант хугацаанд 81,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 128.6 хувиар буюу 18,1 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн илүү үйлдвэрлэжээ. Харин импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр 18 нэр төрлийн 792 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2.4 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллалаа. Мөн 38 нэр төрлийн цутгамал бүтээгдэхүүний загварын иж бүрдлийг шинээр бэлтгэн гаргаж, 46 нэр төрлийн цутгамал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлжээ.
Засвар, механикийн завод оны эхний хагас жилд хөрөнгө оруулалтын хоёр ажил хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн бөгөөд модон загвар хадгалах агуулахын дээврийн засвар 99 хувь, Механик цехийн өргөтгөлийн барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй явна.
















