БНСУ-ын АСАН эмнэлгийн 30 гаруй эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаж, иргэдэд төрөлжсөн үзлэг, оношилгоо, мэргэжлийн зөвлөгөө өгч эхэллээ.
Энэ удаагийн хамтарсан үзлэг, зөвлөгөө нь Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан хэрэгжүүлж буй WOMEN бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох “Эрүүл Монгол ээж” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо болон Орхон аймаг дахь Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв хамтран ажиллаж байна. Төрөлжсөн үзлэг 2026 оны наймдугаар сарын 3-наас 5-ны өдрүүдэд Хойд бүсийн Хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвд үргэлжилнэ.
Энэ үеэр уушгины эмгэг, архаг өвчин, чих хамар хоолой, дотор өвчин, хөхний эхо оношилгоо, нөхөн сэргээх болон пластик мэс заслын чиглэлээр үзлэг, зөвлөгөө үзүүлж байна. Ялангуяа нөхөн сэргээх болон пластик мэс заслын чиглэлээр төрөлхийн болон олдмол согог, хавдар, гэмтэл, түлэгдэлтийн дараах өөрчлөлттэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нар үзэж, цаашдын эмчилгээ, нөхөн сэргээх тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгч байгаа юм. Үзлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын зэрэгцээ Орхон аймгийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамруулж байгаа бөгөөд иргэдийг батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулалттайгаар үзлэгт хамруулж байна. АСАН эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн багийг Эрдэнэт хотод ажиллуулахтай холбоотойгоор зочдыг хүлээн авах, байрлуулах, тээвэр зохицуулах, үзлэгийн хуваарь гаргах зэрэг бэлтгэл ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангажээ. Мөн гадаадын эмч, мэргэжилтнүүдийн хамт ирсэн хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын соёл, ахуйтай танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Ийнхүү, олон улсын түвшний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн туршлага, нарийн мэргэжлийн зөвлөгөөг орон нутагт хүргэснээр иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн оршин суугаа газартаа авах, өвчнийг эрт илрүүлэх, цаашдын эмчилгээний зөв чиглэлээ тодорхойлох боломж бүрдэж байна. Эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.


















