Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр шагнал гардуулах ёслолоор эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гадаад харилцаа, экспортын хэлтсийн Экспорт, борлуулалтын албаны дарга Х.Мөнхцэцэгийг Алтангадас одонгоор шагнасныг гардуулж, баяр хүргэв. Тэрээр тус хэлтэст 23 жил тасралтгүй ажиллахдаа экспортын борлуулалтын гэрээний нөхцөлийг тогтмол сайжруулж, борлуулалтын орлогыг өсгөхөд бодитой хувь нэмэр оруулжээ. Мөн зэсийн баяжмалыг биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах, оролцогч байгууллагуудыг идэвхжүүлэх, мөрдөх журам боловсруулах, эрх зүйн баримт бичгийн төслүүдэд санал оруулах, үнэ тогтоох аргачлалыг шинэчлэх зэрэг томоохон ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Түүнчлэн, Ерөнхий захирлын 2026 оны долоодугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн Санхүү, мөнгөн хөрөнгийн албаны тэргүүлэх нягтлан бодогч Д.Отгонбаярыг Эдийн засгийн хэлтсийн даргаар томилсныг танилцуулж, ажилд нь амжилт хүслээ.
Өнгөрсөн 7 хоногт Эрдэнэт үйлдвэрт өндөр эрсдэлтэй 21, засварын 24, урьдчилан сэргийлэх чиглэлийн 24 ажил хийгдсэн талаар ХАБЭА-н хэлтсээс мэдээлэв. Мөн Ус хангамжийн цех дөрөвдүгээр шатны үзлэгээр “сайн” үнэлгээ авчээ.
Үйлдвэрлэл, техникийн хэлтэс оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд уулын цул гаргалт 850,000 тууш метр буюу 50,000 м3-ээр давж, хөрс хуулалт +531,000, хүдэр олборлолт +844,000 тонн, хүдэр өгөлт +608,000 тонн, ачаа эргэлт 5,695,000 тонн километрээр давжээ. Төлөвлөгөөнөөс 518,000 тонн хүдэр илүү боловсруулснаас гадна металл авалтыг 86,94, молибден авалтыг 45,84-д хүргэсэн байна. Ингэснээр төлөвлөгөөнөөс 15,192 тонн зэсийн баяжмал, 76 тонн молибдены баяжмал тус тус илүү үйлдвэрлэсэн амжилттай ажиллажээ.
Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт тогтвортой сайн байгааг Ерөнхий захирал энэ үеэр онцолсон. Оны эхний хагас жилийн байдлаар орлогын төлөвлөгөө 143 хувийн биелэлттэй гарсан байна. Орлогын өсөлттэй зэрэгцэн зардал нэмэгдсэн нь гурван үндсэн хүчин зүйлтэй холбоотойг тэрээр тайлбарлав. Үүнд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн, дизель түлшний үнэ өссөн, мөн ажилтнуудын цалингийн өсөлт нөлөөлжээ. Тухайлбал, ихэнх нэгжид 13 дахь сарын цалинг 137 хувиар тооцон олгосон юм. Энэ мэтчилэн зардал өссөн ч Эрдэнэт үйлдвэр 957 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн төлөвлөгөөг 145 хувиар биелүүлжээ.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Үйлдвэрийн газрын намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлаа долоо хоног бүрийн ээлжит шуурхай зөвлөгөөнд цех, нэгжүүд тухай бүр танилцуулахыг үүрэг болгов.















