“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд эрдэс баялгийн нөөц өсгөх геологи, хайгуулын судалгааг эрчимжүүлэх, баяжуулах процессын үр ашгийг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн ашиг орлого, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон төсөл, судалгааны ажлуудыг Судалгаа, шинжилгээний хүрээлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэл, Ил уурхайгаас Баяжуулах үйлдвэрт нийлүүлэх хүдрийн технологийн мэдээллийг боловсруулах, Эрдэнэтийн-Овоо ордын техник, эдийн засгийн үндэслэлийн техник, технологийн шинэчлэлтэй холбоотой үйлдвэрлэлийн шаардлагатай нэмэлт болон хөтөлбөрт ажлууд, цаашид боловсруулах хүдрийн баяжигдах шинж чанарын судалгааг гүйцэтгэлээ.
Оны эхний хагас жилийн байдлаар тус хүрээлэн төлөвлөгөөт 9, хөтөлбөрт 8, бусад бүтцийн нэгжийн захиалгат 1, гаднын байгууллагын захиалгат 1, нийт 19 туршилт, судалгааг амжилттай хэрэгжүүлжээ. Тухайлбал, “Соёолон Интернэшнл” ХХК-ийн захиалгаар Салхитын мөнгө-алтны уурхайн Зүүн ордын хүдрийн биет болон үйлдвэрийн үүсмэл ордын дээжид хагас үйлдвэрлэлийн флотацийн туршилт, судалгаа хийсэн байна. Түүнчлэн, “Цэнгазар” ХХК-ийн шохойн туршилт, “SYENSQO” компанийн дарагч болон цуглуулагч урвалжуудын үр ашгийг тодорхойлох, технологийн горимыг оновчлох туршилтуудыг амжилттай хэрэгжүүлжээ.
Судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, орчин үеийн арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор микрофлотаци, адсорбцийн шинэ төрлийн туршилт, судалгааг эхлүүлэхээр МУИС-ийн эрдэмтэн, багш нартай хамтран онол, практик хосолсон мэргэжлийн сургалтууд зохион байгуулж байгааг тайлангийн хурлын үеэр танилцууллаа. Мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна. Монгол, Япон улсын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй “KIZUNA” хөтөлбөрийн уул уурхайн хүний нөөцийг хөгжүүлэх урт хугацааны сургалтыг тус хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, судалгааны хэсгийн судлаач инженер Б.Эрдэнэцогт амжилттай дүүргэсэн бол, одоо Хяналт, туршилтын хэсгийн судлаач инженер Г.Ган-Эрдэнэ хамрагдан суралцаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа ахиулж байна.















