Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын ажлын онцлогийг ойлгон, төрийн үйлчилгээг ажлын байранд нь үзүүлэх зорилгоор өчигдрөөс Ерөнхий захиргааны I, II байранд ажиллаж эхэллээ.
Энэхүү үйл ажиллагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2026 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн тушаалын дагуу хэрэгжүүлж буй “Иргэндээ ээлтэй бүртгэлийн үйлчилгээ” аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад гадаад паспортын захиалга, тоон гарын үсгийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, газар худалдах, худалдан авах, арилжаалахтай холбоотой гэрээний баталгаажуулалт болон Улсын бүртгэлийн бусад үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. Түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэл, иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл газар дээр нь өгч, Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цагийг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн 200 гаруй ажилтан Улсын бүртгэлийн үйлчилгээг ажлын байрандаа авчээ.
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч О.Сарангэрэл “Уурхайчдынхаа ажлын онцлогийг харгалзан төрийн үйлчилгээг ажлын байранд нь хүргэх боломж бүрдүүлж, энэхүү аяныг хамтран зохион байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудад талархал илэрхийлье” гэв.















