Эрдэнэт хотын 50 жилийн ойг угтан Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Орхон аймгийн салбар зөвлөлөөс санаачилсан “Бүтээлчээр манлайлъя” аянд Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо нэгдэж байгаагаа үйлдлээрээ илэрхийллээ.
Өнөөдөр уурхайчин бүсгүйчүүд Эрдэнэт хотын А1001 авто зам дагуух хашлагыг угааж цэвэрлэн, сэргээн будах сайн дурын ажилд эртлэн оролцов. Энэхүү бүтээлч санаачилгад Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны анхан шатны зөвлөлийн дарга нар, тэргүүлэгчид, гишүүд зэрэг 100 гаруй ажилтан нэгдсэн юм.
Оролцогчид замын хашлагыг угааж, сэргээн будахаас гадна орчны хог хаягдлыг түүж цэвэрлэн, нийтийн эзэмшлийн талбайн өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ орууллаа. Тэд төрөлх хотынхоо түүхэн ойд өөрсдийн хөдөлмөр, сэтгэлээр бэлэг барьж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн.
Уурхай дагасан хотын сонгодог загвар болон хагас зуун жил хөгжиж буй Эрдэнэт хотынхоо өнгө төрхийг сайжруулахын төлөө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хамтран ажиллаж, хүн бүр сэтгэл зүтгэлээ зориулахад бэлэн байгааг энэ өдрийн сайн дурын үйл ажиллагаа харууллаа.















