Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн ажилтнуудын гэр бүлийнхэн, уурхайд зочилж, уул уурхайн олборлолтын ажил хэрхэн өрнөж байгааг үзэж танилцлаа. “Гэр бүлийн өдөрлөг” сэдэвт энэхүү үйл ажиллагааг Ил уурхайн захиргаанаас зохион байгуулж, Уулын ажлын хэсэг, Цахилгаан тоног төхөөрөмж засварын хэсэг, Өрөмдлөг тэсэлгээний хэсэг, Захиргааны хэсэг болон Зам овоолгын хэсгүүдийн ажилтнуудын ар гэрийнхнийг урьж, оролцуулсан байна.
Өдөрлөгийг нээж, тус цехийн даргын үүргийг түр хослон гүйцэтгэгч, үйлдвэр, техникийн хэлтсийн ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар уурхайгаа танилцууллаа. Аав ээж, охин, хүүгийнхээ ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, уурхайчны ажлын нэг өдөр хэрхэн өрнөж, баялаг бүтээгчид улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ яаж оруулж буйг нүдээр үзэж, биечлэн танилцах боломж нээдэг энэ удаагийн өдөрлөгт 97 гэр бүлийн гишүүд хүрэлцэн ирсэн байна. Тэдний 42 нь хүү, охиныхоо ажлын байранд ирсэн аав ээжүүд бол 35 нь уурхайчдын хүүхдүүд байв.
Зочид, энэ үеэр Ил уурхайн бүсээр аялж, уурхайн тэсэлгээг үзэж сонирхлоо. Мөн уул уурхайн хүнд хөдөлмөр эрхэлдэг уурхайчдын амралт чөлөөт цагийг хэрхэн зөв зохистой өнгөрөөхөд гэр бүлийнхний үүрэг оролцоо, гарах эрсдэл болон эерэг байдлын тухай, уул уурхайн үйлдвэрлэлийн онцлог, ажлын орчин нөхцөл, аюулгүй ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцсан. Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал уриатай уурхайчдын баримтлан мөрдөх эдгээр дүрмийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-н Үйлдвэрчний эвлэлийн хорооны хуульч М.Шаравнямбуу тайлбарлаж, санал бодлоо солилцсон юм.
Улс орны хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн тэргүүлэгч үйлдвэр, зууны манлай Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, эрдэнэс ундрааж, баялаг бүтээхэд гар бие сэтгэл зүтгэлээ зориулан ажиллаж буй аав ээж, хүүхдүүд болон мөр зэрэгцэн ажилладаг хамтран зүтгэгчдийнх нь ажил хөдөлмөртэй танилцсан ар гэрийнхэн бахархал талархлаа энэ үеэр хуваалцсан. Эрдэнэт үйлдвэрийг үеийн үед нэр төртэй авч яваа бүх уурхайчдад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж буйгаа илэрхийллээ.















