Эрдэнэт үйлдвэрийн харьяа, Орос 19 дүгээр дунд сургуулийн 51 дэх удаагийн төгсөлтийн баяр боллоо. 1974 оноос үйл ажиллагаагаа эхэлж байсан Орос сургууль энэ хавар 51 дэх жилтэйгээ золгож байна.
Энэ хавар тус сургуулийн 12 дугаар ангийг 29 сурагч төгсөж, тэдний 16 нь ОХУ-ын их , дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн бичгээ гардан авчээ. Төгсөлтийн баярын нээлтийн үйл ажиллагаанд сургуулийн захирал Степанова С.И. энэ тухай онцолж, төгсөгч шавь нараараа бахархаж байгаагаа баяр хөөр дүүрэн илэрхийлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн, “Сургуулийн маань энэ удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа сэтгэл хөдөлгөсөн, сурагч хүүхдүүд, аав ээжүүдийн баяр баясгалан бялхсан агшнаар дүүрэн болж байна. Мэдээж, шавь нар маань сургуулиа төгсөөд, даль жигүүрээ дэлгэн нисэх болж буйд хөнгөн гуниг мэдэрч байна. Энэ хичээлийн жилд төгсөж буй хүүхдүүдээс маань талаас илүү нь аль хэдийнээ их, дээд сургуульд суралцах эрхээ өвөртөлчихсөн байгаа. Сургуулиа төгсөж байгаа энэ ангийнхан бүгд маш чадвартай, сурлага сайтай хүүхдүүд гэдгийг онцолмоор байна. Манай сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд дэлхийн хаана ч суралцаж төгссөн ч мэргэжлээ эзэмшээд Монгол эх орондоо ирж, улс орны хөгжил дэвшилд өөр өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Төгсөгчдийнхөө амжилтыг уншиж танилцуулан, авьяаслаг сурагчдын дуу бүжгээр мэндчилж, сургуулийнхаа ололт амжилтаар бахархан ярих Орос 19 дүгээр сургуулийн Төгсөлтийн баярт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Хамтын ажиллагаа, төсөл, нийгмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэбат, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Гадаад мэргэжилтний асуудал хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Холоденко Ю.Г. нарын албаны зочид, сургуулийн удирдлага, багш ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.
Өнөөдрийн байдлаар, Орос 19 дүгээр сургуульд 818 хүүхэд суралцаж байна. Энэ тоо ирэх намар буюу шинэ хичээлийн жилээс нэмэгдэнэ. Тухайлбал, бага ангийн 4 бүлэгт 120 хүүхэд элсүүлнэ, гэж энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат онцолсон.
Сургуулийн үйл ажиллагаа, хаврын төгсөлт, зорилтын талаар түүнээс тодруулахад, “Одоогоос хоёр жилийн өмнө хийсэн ОХУ-ын Гэгээрлийн яам, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Орос багш нар хилийн чинадад” төсөлд Орос 19 дүгээр сургуулийг оролцуулж, ОХУ-ын Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр өмнө нь Орос сургуулийн багш нарын сонгон шалгаруулалтыг Эрдэнэт үйлдвэр дангаараа хийж, цалин хөлсийг хариуцдаг байсан бол ОХУ-ын Гэгээрлийн яамнаас 8 багш ирүүлж, ажиллуулдаг болсон. Энэ хичээлийн жилээс ОХУ-аас ирсэн багшийн тоо 16 болж нэмэгдсэнээр нийт 31 гадаад багш ажиллаж, тэдний тал зардлыг Оросын Гэгээрлийн яамнаас гарган, дэмжиж байна. Түүнчлэн өнгөрсөн өвөл ОХУ-ын Гэгээрлийн яамны Хамтын ажиллагааны төвийн захирал Монголд ирж, манай улсад орос хэл дээр сургалтын үйл ажиллагаа явуулж буй бүх сургууль, багш нарын дунд уулзалт зохион байгуулсан. Энэ үеэр Орос хэлний танхимаас гадна байгалийн шинжлэх ухааны чиглэлийн сургалтыг ОХУ-ын Гэгээрлийн яамны дэмжлэгтэйгээр явуулах, улмаар лаборатори байгуулах, багш нарын тоог нэмэх, Оросын их дээд сургуульд урилгаар болон тэтгэлгээр суралцах төгсөгчдийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн юм. Мөн тус төвөөс манай 19 дүгээр сургуульд 54 мянга орчим долларын сурах бичгийг бэлэглэсэн. Энэ нь сургуулийн үйл ажиллагаанд том дэмжлэг болж буйг онцолмоор байна. “Орос багш нар хилийн чинадад” төсөлд 40 гаруй орны 200 сургууль хамрагдсаны нэг нь манай 19 дүгээр дунд сургууль бөгөөд манай төгсөгчдөөс дээрх сургуулиудад тэтгэлгээр суралцах хамгийн олон эрхийг авсан. Ийм эрх авсан 16 төгсөгчдийн суралцах бүх зардлыг тухайн улс орон хариуцна. Мөн удахгүй Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөх төгсөгчдөөс тэтгэлгээр суралцах сурагчдын тоо нэмэгдэх боломжтой.
Эрдэнэт үйлдвэрийн стратегийн том төсөл хөтөлбөрүүд хэрэгжих явцад бид бас тэнд ажиллах хүний нөөц бэлдэхийн тулд хүүхдүүддээ инженерийн боловсрол олгож, эзэмшүүлэхэд анхаарч байна. Тэр утгаараа сургууль дээр физик, химийн лабораторийг бэхжүүлж, ОХУ-ын сайн багш нарыг ирүүлэхээр болсон. Түүнчлэн, Москва хотын зарим их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт манай сургуулийн хүсэлтийн дагуу оролцуулах болсон зэрэг нь маш таатай бодлого юм. Тийм учраас тэнд суралцаж төгссөн хүүхдүүд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэртээ эргэж ирж ажиллах, иж бүрэн түншлэлийн харилцаа гэх зэргээр уялдаж байгаа гэж ойлгож болно” гэж тус сургуулийн ирээдүйн зорилтын талаар тодорхой хариулт өглөө.















