Улаанбаатар хотноо болсон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаас Эрдэнэтийн ирээдүйг тодорхойлох нэгэн чухал шийдвэр гарлаа. Оюутын ордод 2023–2025 онд гүйцэтгэсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнг хэлэлцэн, 404 сая тонн хүдрийн нөөцийг албан ёсоор бүртгэж, Эрдэнэтийн овоог “бүлэг орд” хэмээн үзэх эрх зүйн үндсийг бүрдүүлэв.
Энэ нь зөвхөн нэг ордын нөөц өссөн тухай мэдээ биш. Харин Эрдэнэт цаашид нэг ордоор бус, ордуудын цогц тогтолцоонд тулгуурлан хөгжих шинэ шатанд шилжиж буйг илтгэж байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэнгийн хэлснээр, уг шийдвэр нь хууль, бодлогын хүрээнд шат дараатайгаар бэлтгэгдсэн үр дүн юм.
Тэрбээр “Засгийн газрын тогтоолоор стратегийн ордын хил заагийг тогтоосон бөгөөд уг талбайд олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр хайгуулын ажлыг гүйцэтгэж, үр дүнгээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжүүллээ. Ингэснээр 404 сая тонн хүдрийн нөөцийг албан ёсоор бүртгэх шийдвэр гарсан” хэмээн онцолсон юм.
Оюутын ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх шийдвэрийг 2023 оны тавдугаар сарын 2-нд гаргаж байсан бол яг гурван жилийн дараа үр дүнг нь ийнхүү баталгаажуулж буй нь бэлгэдлийн хувьд ч онцгой давхцал боллоо. Төлөвлөсөн хугацаанаас зургаан сарын өмнө ажлаа дуусгасан нь Эрдэнэтийн инженер, геологчдын зохион байгуулалт, чадавхыг илтгэнэ.
Судалгааны ажлын хүрээнд 930 метр хүртэл гүн өрөмдлөг хийж, анх төлөвлөснөөс илүү гүнд зэсийн хүдэржилт үргэлжилж байгааг тогтоосон нь ордын геологийн боломжийг мэдэгдэхүйц тэлсэн чухал дүгнэлт болов.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хөгжлийн хэлтсийн ерөнхий геологич, доктор Д.Алтанхуяг энэ талаар “Оюутын ордыг Эрдэнэтийн овооны бүлэг ордын бүрэлдэхүүнд оруулснаар Эрдэнэт цаашид нэг орд бус, бүлэг ордуудын хэмжээнд яригдах болсныг энэ удаагийн шийдвэр харууллаа” хэмээн тайлбарлав.
Нөөцийн хувьд өмнө нь 42 сая тонн хүдэртэй хэмээн үнэлэгдэж байсан ордыг 200 сая тонн хүргэх зорилт тавьж байсан ч энэ удаагийн судалгаагаар 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.30 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоосон нь зорилтоос давсан үзүүлэлт болж байна.
Энэхүү тооцооллыг олон улсын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн экспертүүд баталгаажуулсан нь судалгааны үр дүнг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөх үндэс болжээ.
Хайгуулын ажлын нэг чухал үр дүн нь зөвхөн Оюутын ордоор хязгаарлагдахгүй. Эрдэнэтийн стратегийн ордын өргөн талбайд хийсэн иж бүрэн судалгаагаар бүс нутгийн геологийн тогтоц, зэс-молибдений шинэ орд илрүүлэх шалгуур үзүүлэлтүүдийг илүү нарийвчлан тодорхойлсон байна.
Д.Алтанхуяг “Эрдэнэтийн бүс нутагт цаашид шинэ орд илрүүлэх боломж, шинж тэмдгүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон нь энэ ажлын бас нэг чухал үр дүн” гэдгийг онцолсон юм.
Ийнхүү Оюутын ордын нөөц нэмэгдэж, Эрдэнэтийн овоо “бүлэг орд” болон өргөжсөн нь зөвхөн нэг үйлдвэрийн амжилт төдийгүй Монгол Улсын уул уурхайн салбарын ирээдүйн өсөлтийг бататгах бодит алхам болж байна. Хамгийн чухал нь энэ амжилтын ард Монгол инженер, геологчдын мэдлэг, туршлага, тууштай хөдөлмөр байгааг энэ удаагийн үр дүн тод харууллаа.















