Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын дөрөвдүгээр шатны үзлэгийн дүгнэлт болон Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын албан даалгаврын дагуу Засвар, механикийн заводын ажилчдын Хоолны газарт иж бүрэн засвар хийж, саяхан ашиглалтад орууллаа.
2026 оны хоёрдугаар сарын сарын 14-ний өдрөөс эхэлсэн, 860 сая төгрөгийн төсөвт өртөгтэй уг засварын ажлыг “Баганадант” ХХК төлөвлөгөөт хугацаанд нь чанартай гүйцэтгэлээ гэж Засвар, механикийн заводын Тэргүүлэх механик Б.Баянжаргал мэдээллээ.
Шинэчлэгдсэн хоолны газраар үйлчлүүлж буй ажилчид засвар, тохижилтод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан орчинд халуун хоолны үйлчилгээ авах болсондоо талархаж байна.
Засварын ажлын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний заал, бэлтгэлийн өрөөг стандартад нийцүүлэн засварлан тохижуулснаас гадна камержуулалт, хүссэн мэдээллээ хүлээн авах телевиз суурилуулжээ. Мөн “Таятан Фүүд” ХХК-ийн ажилчдын ариун цэврийн өрөө, душд бүрэн засвар хийгдсэн бол тус компани үйлчилгээний заалны ширээ сандлуудаа шинэчилсэн байна.
Тус хоолны газар өдөрт 600-1000 ажилтанд халуун хоолны үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай. Энд Засвар, механикийн заводын ажилчдаас гадна Дулааны цахилгаан станц, Тээвэр, ложистикийн төв, Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсэг, Ил уурхайн ажилчид болон Гэрээт Гал унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид үйлчлүүлдэг.
Цахилгаан цехийн цахилгаан хөдөлгүүрийн ороомогчин Б.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Хоолны газрын засвар, тохижилт их таалагдаж байгаа. Өмнө нь орчин нөхцөл, тохижилтын хувьд тодорхой асуудлууд байсан. Одоо бол илүү цэвэр, тохилог, ажилчдад ээлтэй болсон байна. Ялангуяа эрүүл ахуйн талаасаа зохион байгуулалт сайжирсан. Үйлчилгээний чанар ч дагаад сайжирна гэж найдаж байна. Ийм сайхан орчин нөхцөл бүрдүүлж өгсөн үйлдвэртээ баярлалаа.
Тээвэр, ложистикийн төвийн Эрчим хүч, механикийн хэсгийн цахилгаан механикч О.ЦЭРЭНБЯМБА:
-Бид Засвар, механикийн заводад олон жил хоол идэж байна. Хоолны газарт засвар хийгдсэнээр гэгээ татсан цэвэр орчин тав тухтай сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа. Эрүүл ахуйн талаасаа ч аюулгүй, найдвартай санагдах болсон. “Таятан Фүүд”-ийн хоол бас их амттай, олон сонголттой байдаг нь таалагддаг.















