Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, одоо хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж байна.
Мөн ажлын байр, сонгон шалгаруулалт, хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийн талаар мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдтэй шууд харилцан ажиллаж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх, найдварт ажиллагааг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй. Үүнд “Оюут” ордыг ашиглалтад бэлтгэх, Баяжуулах үйлдвэрийн хүдэр бэлтгэлийн I шугамын шинэчлэл, хаягдал хураах шинэ сан байгуулах, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр барих зэрэг ирээдүйд чиглэсэн стратегийн ач холбогдол бүхий ажлууд багтаж байна.
“Нээлттэй хаалганы өдөр”-т мөн Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, Цөмийн энергийн комисс, Эрдэнэс Монгол, түүний бүрэлдэхүүн компаниуд, эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарын томоохон аж ахуйн нэгжүүд оролцож, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөөс гадна тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ үзүүлж, санал хүсэлтийг газар дээр нь хүлээн авч, шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа нь онцлог юм.




















