Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа,нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, өнөөдөр “Эрдэнэт” сувиллын цогцолборын ажилтнуудтай уулзах үеэрээ уурхайчдын эрүүл энхийн манаанд зогсох үүргээ биелүүлж, сэтгэл зүтгэлээ шингээж ажиллахыг онцлон санууллаа. Нийгмийн цехүүдтэй хийж буй энэ удаагийн ээлжит өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнийг “Эрдэнэт” сувиллын цогцолборт зохион байгуулж, зөвлөгөөнд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Хүний нөөц захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд, Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Зөвлөгөөний эхэнд “Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ танилцууллаа. “Эрдэнэт” сувиллын цогцолборт нийт 158 хүн ажиллаж, “Эрдэнэт” клиник, сувилал, оношлогоо эмчилгээ, яаралтай түргэн тусламж зэрэг дөрвөн чиглэлээр эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг. 2026 онд тус цогцолборынхон сэргээн засах уламжлалт болон оношлогоо эмчилгээний төрөл, сувиллын хүртээмж үйлчилгээг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг чадахижуулах, хувь хүний хөгжил бүтээлч хандлагыг сайжруулах замаар орлого нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээний хяналтыг дээшлүүлэх, уурхайчид, тэдний ар гэрт эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгож, амьдралын чанарыг нь сайжруулах зэрэг зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн одоогийн байдлаар зарим нарийн мэргэжлийн эмч ажилтны орон тоо дутагдалтай, оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэх мэт асуудлууд шийдлээ хүлээж буйг цогцолборын удирдлага мэдээлэлдээ дурьдсан юм.
“Эрдэнэт” сувиллын цогцолборын үйл ажиллагаа, мэдээлэлтэй танилцсаны дараа Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Юуны түрүүнд эмч, ажилтан бүр уурхайчдынхаа эрүүл мэндийн төлөө сэтгэл гаргаж, тусламж үйлчилгээг чанар, соёлын дээд түвшинд гаргаж ажиллахыг даалгав. Мөн 2026 оны магадлан итгэмжлэлд бэлтгэх хүрээндээ “Сэлэнгэ” амралтын баазыг Уурхайчдын сэргээн засах амралт, сувилал болгон өөрчилж, тэнд “Эрдэнэт” сувиллын эмч, сувилагчид ээлжээр ажиллах, хоол үйлдвэрлэл болон эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, өөрсдийн нэрийн хуудас болохуйц “брэнд” бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах, давуу талаа цаашдын стратеги болгон төлөвлөх зэргээр үйл ажиллагаандаа хөгжлийн шинэ “эргэлт” хийж, ажиллахыг чиглэл болголоо.















