“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд Соёл, спортын Эрдэнэт цогцолборын барилгын ажлын явцтай өнөөдөр танилцаж, холбогдох асуудлуудаар үүрэг чиглэл өглөө. Ажлын явцтай танилцахад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Эрчим хүчний хэлтсийн дарга, Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батхишиг, Хүний нөөц захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Барилга байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Батбаяр болон холбогдох нэгж, цехийн удирдлагууд оролцов.
Эрчим хүчний хэлтсийн дарга,Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболд барилгын цахилгаан хангамжийн ажлын талаар танилцуулахдаа, ажлыг хоёр үндсэн чиглэлээр хэрэгжүүлж байгааг онцлов. Үүнд гадна цахилгааны ажлын хүрээнд техникийн нөхцөлийг шинэчилж, зураг төслийн өөрчлөлтийг хийж байгаа бөгөөд анхны төслөөр 2х630 кВА чадалтай дэд станцыг 2х1000 кВА болгон нэмэгдүүлэх хувилбарыг судалж байна. Энэхүү ажлыг гүйцэтгэгч “Би Софт” компанитай байгуулсан гэрээний хүрээнд, нэмэлт өөрчлөлтийн зардал дотооддоо багтах тохиолдолд гэрээг өргөтгөн хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа. Гадна цахилгааны ажлыг ийнхүү зохион байгуулбал долоодугаар сараас өмнө ашиглалтад оруулах боломжтой гэж үзэж байна.
Харин дотор цахилгааны монтажийн ажлын хувьд шинээр суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг холбох, шаардлагатай материалын тооцоо, төсвийг зураг төслийн хүрээлэнгээс яаралтай гаргах шаардлагатай байгааг онцолсон юм. Улмаар уг ажлыг төлөвлөгөөнд тусган, худалдан авалт, санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
Ерөнхий инженер Т.Батмөнх хэлэхдээ, төслийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой хэмжээнд бүрдсэн бөгөөд нэмэлт ажлуудтай холбоотойгоор ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн нөөц боломж байгааг дурдав. Түүнчлэн цахилгааны монтажийн ажил үндсэндээ шинээр хийгдэх нөхцөл үүсч байгааг анхааруулж, ажлыг уялдаа холбоотой, иж бүрэн байдлаар зохион байгуулах шаардлагатайг онцоллоо.
Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх барилгын дотоод, гадаад зохион байгуулалт, хаягжилтын нэгдсэн шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн худалдан авалтын асуудлыг хууль, журмын дагуу шуурхай зохион байгуулах, дотоод заслын зарим шийдлийг сайжруулах, VIP өрөөнүүдийн тохижилт, зам талбай, зогсоол, үерийн далангийн ажлыг бүрэн шийдвэрлэх шаардлагатайг онцолсон юм.
Түүнчлэн барилга ашиглалтад орохын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэж, ашиглалтын бэлэн байдлыг хангах чиглэлээр тодорхой үүрэг өглөө. Одоогоор ашиглалтын өмнөх шатанд хэрэгжүүлэх 16 нэр төрлийн ажлыг тодорхойлж, хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэхээр боллоо.
Ийнхүү Соёл, спортын Эрдэнэт цогцолборын барилгын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ашиглалтад оруулахад анхаарч, холбогдох бүх шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг удирдлагууд онцоллоо.
















