“Эрдэнэт” цогцолбор их сургууль Орхон аймгийн Боловсролын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газартай хамтран “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт тус сургуулийн Ерөнхий боловсролын ахлах сургууль болон Коосэн сургалтын багш нар, суралцагчид, эцэг эхийн төлөөлөл оролцож, нээлттэй асуулт, хариултын хүрээнд санал бодлоо солилцон, мэдлэг мэдээллээ хуваалцав.
Энэ үеэр “Эрдэнэт” цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатар сургуулийнхаа хүүхэд хамгааллын бодлого, ёс зүйн дүрмийг танилцуулсан бол Орхон аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч М.Сэлэнгэ “Сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого, чиглэл”, Цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Төгөлдөр “Үе тэнгийн дээрэлхэлт ба түүнээс урьдчилан сэргийлэх нь”, боловсролын сэтгэл зүйч Б.Болорчимэг “Сэтгэл зүйчийн үүрэг оролцоо, сэтгэл зүйн эерэг орчин бүрдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд хүүхэд хамгааллын бодлогыг бодит амьдралд үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, эцэг эх асран хамгаалагч-багш, сургууль-суралцагчдын гурвалсан хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцсон нь онцлог байв. Хүүхэд хамгааллын асуудлыг хамтын оролцоонд тулгуурлан шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой уулзалт болсон юм.















