Эрдэнэт үйлдвэр цагаан тоос дарах ажлаа жилийн дөрвөн улиралд тасралтгүй хийдэг. Хаврын хэт хуурайшилт, салхи шорооноос урьтаж энэ ажлаа улам эрчимжүүлж байгаа энэ үед бид Хаягдлын аж ахуйг зорилоо. Хамгийн хойд захын 16-р далан аюулгүй дүнхийх агаад тэртээ алсад, шүршигч техник зогсолтгүй ажиллаж харагдана. Мөн бороожуулагч намираа хоолойнуудаа залгаж уртасгажээ.
Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын сан дээр ажиллаж буй Цагаан тоос дарах товчооны Байгаль орчны инженер Г.Эрдэнэбаяртай уулзаж, хийж буй ажлынх нь талаар тодрууллаа.
-Хаягдлын аж ахуйн нийт талбайн хэмжээ хэд вэ?
-Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн нийт талбайн хэмжээ 2336 га. Үүнээс хаягдал элсний эзлэх талбай нь 1542 га байна. Үүний 20 хувь нь хуурай буюу цагаан тоосны идэвхтэй дэгдэлтийн бүс гэж хэлж болно.
-Тоосжилтыг бууруулах ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Зам талбайг услах, хөрсөөр хучих, салхины чиглэлийг өөрчлөх, цаг уурын хүнд нөхцөлд ургадаг мод суулгах, тусгай бодис ашиглан гадаргууг бэхжүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Сүүлийн үед хаягдал булингыг дарагч бодистой барьцалдуулан тоос дарах арга, бороожуулагч намираа хоолой ашиглан усаар норгох, тоос дарагч бодисыг устай хольж тусгай зориулалтын төхөөрөмж ашиглан, тоостой талбайд цацах, хөрсөөр дарах болон үйлдвэрлэлийн технологийн гэсэн дөрвөн аргыг хослуулан ашиглаж байна. Ингэхдээ цагаан тоос дарах тусгай зориулалтын “HYDROSEEDER PB80100” загварын холигч, шүршигч техникээр полимер, калцихлорид урвалжийг устай найруулан цацах арга технологи үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ цагаан тоосны дэгдэлтийг бүр мөсөн арилгаж чадахгүй нь тодорхой. Мөн зуны хаялтын 16-р далан дээгүүр 219 мм шугамаар дамжуулан бороожуулагч намираа хоолойгоор норгож цагаан тоосны дэгдэлт бууруулан ажиллаж байна.
-Хүн хүч, техникийн хүрэлцээ хэр байна?
-Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн Цагаан тоос дарах алба 2019 оны 4 дүгээр сарын 15-нд байгуулагдсан. Байгаль орчны тэргүүлэх инженер нэг, байгаль орчны инженер нэг, операторч хоёр, жолооч нэг гэсэн орон тоотойгоор Хаягдлын аж ахуйн хаягдал хадгалах сангаас үүсэж буй тоосыг дарах, дэгдэлтийг бууруулах зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
-Баярлалаа.
Хаягдлын аж ахуйн хэсэг нь баяжуулах процессоос гарч буй хаягдал булингыг Баяжуулах үйлдвэрээс насосын станц хүртэл өөрийн урсгалаар усан тээвэрлэлт хийх, насосын станцаас хаягдлын сан руу насосоор шахах, тус цехийг эргэлтийн усаар хангах үүрэгтэй Баяжуулах үйлдвэрийн үндсэн хэсэг юм. Хаягдал хураах сан буюу далан нь Улсын онцгой барилга байгууламж учир түүнийг зөв зохистой, осол авааргүй ашиглаж, үйлдвэрлэл явуулахын тулд өдөр тутам, байнгын хяналт тавин ажиллаж байна.















