Эрдэнэт үйлдвэрийн Судалгаа шинжилгээний хүрээлэн Эрдэс судлалын өрөөгөө Мэдлэг түгээх ажлын байр болгон тохижуулснаа Хүний нөөц, захиргааны хэлтсийн удирдлагуудад болон ISO 30401 стандартын сайжруулалт хариуцсан багийнханд өнөөдөр танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хүний нөөцийн менежментийн ISO 30400 багц стандартад Мэдлэгийн менежментийн ISO 30401 стандарт багтан хэрэгжиж байна. Энэ хүрээнд бүтцийн цех, нэгжүүд “Мэдлэг түгээх ажлын байр” аргачлалыг гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр мэдлэг түгээх 27 дахь ажлын байрны нээлт ийнхүү боллоо. Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн судлаач инженерүүд мэдлэгээ сэргээх, залуу ажилтнуудад шинэ мэдлэг олгох боломжийг хэрхэн бүрдүүлснээ энэ үеэр нэг бүрчлэн танилцуулав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Судалгаа шинжилгээний хүрээлэн нь MNS ISO/IEC 17025 стандартаар итгэмжлэгдсэн, эрдэс судлал, боловсруулалтын иж бүрэн судалгааг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг нарийн мэргэжлийн багтай. Тэдний шинэ мэдлэг түгээх ажлын байранд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж суурилагдсан байхаас гадна эрдэс судлалын талаарх энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн мэдээллийг зурагт самбар, биет үзүүлэн, дүрс бичлэгээр хүргэжээ. Тухайлбал, зэс болон молибдений баяжмалын бүтцэд ямар эрдсүүд багтдаг, хатуулагт нөлөөлөх болон технологийн процессийг хүндрүүлэгч эрдсүүд ямар бүтэцтэй байдаг зэрэг мэдээллийг энгийн иргэд, оюутан залуус, шинэ ажилтнуудад ойлгомжтой байдлаар танилцуулсан байна. Мөн карьер дээрээс дээж авснаас эхлээд баяжмал болтлоо ямар замыг туулдгийг биет болон зурагт байдлаар үзүүлж, өөрсдийн бүтээсэн QR код бүхий танилцуулгыг ашиглахыг зөвлөж байв.
Эрдэс судлаач инженер С.Цэсэн “Эрдэс судлал гэдэг хүн бүр төдийлөн ойлгоод байдаггүй, маш нарийн, чухал ертөнц. Энэ ертөнцийн үнэ цэнэ, ач холбогдлыг мэдлэг түгээх ажлын байраараа дамжуулан ойлгуулахыг зорилоо” хэмээн ярьсан юм.
Нээлтийн үеэр ISO 30401 стандартын сайжруулалт хариуцсан ажлын хэсгийн дарга Б.Одонтуяа мэдлэг түгээх ажлын байрны ач холбогдлыг онцлон хэлэхдээ, “Ийм орчин нөхцөл бий болсноор ажилтнууд далд мэдлэгээ илрүүлж, бататгах, бусадтайгаа хуваалцах, хадгалах боломж бүрддэг. Энэ нь зөвхөн мэдлэгийг түгээхээс гадна ажилтнуудын сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, улмаар бүтээмжийг өсгөдөг” гэж тодотголоо.
Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал үйлдвэрлэдэг гэдгийг хэн бүхэн мэдэх хэдий ч тэр баяжмалд ямар олон төрлийн эрдэс, нарийн мэдлэг шингэсэн хөдөлмөр байдгийг хүн тэр бүр мэддэггүй. Тэгвэл Мэдлэг түгээх ажлын байр-Эрдэс судлалын өрөө үүнийг тодорхой харуулж байна.
Мэдлэг түгээх ажлын байр - Эрдэс судлалын өрөө
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















