Манлайлал, авьяас, чадварын хоёр дахь шатны хөтөлбөрийн нээлтийн үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяртай уулзаж, энэ удаагийн хөтөлбөрийн онцлог, өмнө нь гарсан үр дүнгийн талаар тодрууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй хүний нөөцийн цогц хөтөлбөрийн нэг болох “Манлайлал, авьяас ур чадварын хөтөлбөр”-ийн хоёр дахь үе шатны хэрэгжүүлэлт эхэлж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олонд 100 манлайлагчийг бэлтгэж бэлэг барьсан. Энэ удаад 360 градусын үнэлгээний аргачлалд тулгуурлан ажилчдын манлайллын чадамжийг бодитойгоор үнэлж 70 залууг сонгон шалгаруулж, хөтөлбөрийг эхлүүлж байна. Тэднийг хоёр жилийн хугацаанд мэргэжлийн болон удирдах чадварын түвшинд бүрэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ жилийн хөтөлбөрийг Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноор ахлуулсан Ажлын хэсэг удирдан хэрэгжүүлнэ. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Ажлын хэсэг батлагдаж, мөн хөтөлбөрийн оролцогчдыг баталгаажуулсан байгаа.
Судалгаа харахад оролцогчдын маань 60-70 хувь нь Эрдэнэт үйлдвэрт 15-аас дээш жил ажилласан, анхан шатны удирдах ажилтнууд байна. Мөн мэргэшсэн инженерүүд, доктор, магистр зэрэгтэй, туршлагатай инженер техникийн ажилтнууд байна. Хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мэргэжлийн ур чадварыг бус, манлайлах ур чадвар, багаар ажиллах, төсөл удирдах, үе хоорондын онцлогт нийцсэн удирдлагын арга барил хэрэгжүүлэх зэрэг олон талт чадамжуудыг олгоно.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд “Манлайлал, авьяас ур чадварын хөтөлбөр”-ийн нийт оролцогч дундаас 20 залуу карьер ахиж, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын түвшинд ажиллаж байна. Түүнчлэн “Оюу Толгой”, “Эрдэнэс Монгол” зэрэг үндэсний хэмжээний байгууллагуудад, цаашлаад Монголын уул уурхайн салбарт манай хөтөлбөрт хамрагдсан манлайлагч залуус удирдах албанд урилгаар ажиллаж байгаа. Энэ бол зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн хүний нөөцийн хөрөнгө оруулалт төдийгүй, өргөн утгаараа Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр. Бид зөвхөн ажилчдаа хөгжүүлж буй биш, үндэсний хэмжээний мэргэжилтэн, манлайлагчдын нөөц бүрдүүлж байгаа нь энэхүү хөтөлбөрийн жинхэнэ үнэ цэнэ юм.