Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн өөрчлөлтийг удирдах “Change management group”-ийн хамт олон 2025 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдсэн юм. Эхний хэсэгт энэ онд хэрэгжүүлэхээр сонгогдсон процессын сайжруулалтын гурван төслийг танилцуулсан бол дараагийн хэсэгт “Менторшип-2025” хөтөлбөрт хамтрах ажилчид гэрээ байгуулан, батламжаа гардлаа.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Бид процессын сайжруулалтын төслийг хэрэгжүүлээд 13 жил болж байна. Энэ хугацаанд 100 орчим жижиг болон том сайжруулалтын төсөл хэрэгжүүлсэн. Энэ удаа хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд илүү ахисан түвшний технологи ашиглах гэсэн ажилчдынхаа санал санаачилгыг дэмжиж, цахим шилжилт, автоматжуулалтын чиглэлийн гурван төсөл хэрэгжүүлэхээр нээлтээ хийж байна. 2025 оны есдүгээр сард үйл ажиллагаанд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй Төслийн баг ажилдаа орж байгааг цохон тэмдэглэв.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн Мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Идэрбаяр “Олон улсын менежментийн тогтолцооны стандарын баримтжуулсан мэдээ, мэдээлэл, үр дүн, тайланг цахимжуулах” төслийг танилцууллаа. Тэрээр дэвшилтэт техник технологи хөгжиж буй өнөө үед бүх мэдээллийг цахимжуулж, үйл ажиллагааны бүх төрлийн үр дүн, тайлан мэдээг нэг дороос шуурхай хүлээн авч, цаашид оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах хэрэгцээ шаардлага үүсэж байгааг хэлээд уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр стандартын мэдээллийн нэгдсэн сантай болох, нэгдсэн менежментийн тогтолцоог нэгдсэн удирдлагаар хангахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах, олох, үр нөлөө, үр дүн, гүйцэтгэлийн мэдээллийг хугацаанд нь хүлээн авч, оновчтой шийдвэр гаргахад туслах, дотоод аудитын үйл ажиллагаанд мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэх, дүгнэх үнэлэх, баталгаажуулалт, магадлан аудитад хамрагдахад шаардлагатай мэдээллүүдийг цаг алдалгүй танилцуулах боломжтой болохыг онцолсон.
Дараагийн төсөл болох “Мэдлэг түгээх ажлын байр”-ны танилцуулгыг Төрөлжсөн архивын Систем ашиглалт, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Э.Ганбаяр хийлээ. Төслийн багийнхан Хүний нөөцийн менежментийн тогтолцооны MNS ISO30400 багц стандартын хүрээнд 30401:2021 Мэдлэгийн менежментийн стандартыг үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилтнуудад мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэрэгслийг танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэлэг аргыг ашиглан цахим мэдлэг, ур чадвар, чадамжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр үйлдвэрийн газрын хэмжээнд хэрэглэгдэж буй мэдээллийн нэгдсэн системийн ашиглалт сайжирна, ажилтнууд мэдээллийн технологийн чиглэлээр олон шинэлэг мэдлэг, мэдээллийг авах боломж бүрдэнэ, мэдээллийн технологийн хэрэглээ нээлттэй, хүртээмжтэй болно, цахим мэдээллийн системийн мэдлэгийн жагсаалт бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Гурав дахь төсөл “Change management group”-ийн үйл ажиллагааг цахимжуулах. Уг төслийг хэрэгжүүлэх үндэслэл хийгээд үр ашгийг Цахим албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Од танилцуулсан юм. Тэд нэгдсэн мэдээллийн сан үүсгэх, ажилтнуудын оролцоо, хандалтыг нэмэгдүүлэх, бүтээмжийн үйл ажиллагааг нэг сувгаар хянах боломж бүрдүүлэх, цахим платформыг тогтмол ашиглах, ашиглахад хялбар болгох зорилго өвөрлөн “гараа”-нд гарч байна. “Бариа”-нд орохдоо мэдээллийг төвлөрсөн цахим платформоос нэг дор, хялбар авах боломжийг нээсэн, бүтээмжийн үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж байсан талаар мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн, шинэ ажилтнууд богино хугацаанд мэдээлэл авах, суралцах боломжийг бүрдүүлсэн байх юм.
Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтэс сүүлийн таван жил хэрэгжүүлсэн багш-шавийн гэрээ байгуулан ажиллах үйл ажиллагаагаа энэ жилээс “Менторшип” хөтөлбөр болгон илүү боловсронгуй хөгжүүлэхээр төлөвлөжээ. Шинэ залуу ажилтнууд өөрийн хөгжлийн чиглэл, зорилго, төлөвлөгөөгөө боловсруулж, түүнд нь туслах ур чадвартай, туршлагатай мэргэжилтнийг сонгон санал тавьж, харилцан зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулснаар “Менторшип-2025” хөтөлбөрийн хамрагчид болох юм. Энэ өдөр ментор, менти нар гэрээнд гарын үсэг зурж, батламжаа гардсанаар “Менторшип-2025” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн мэргэжилтнүүд цахим шилжилтийг сонгож, орчин үеийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хөгжил өөд тэмүүлэл дүүрэн ажиллаж байна.