Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт хариуцсан ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх, үйлдвэрийн газрын үйл ажиллагааны өртөг зардлыг бууруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн, ажилтнуудын санал, санаачилгыг дэмжин, идэвхжүүлэх зорилгоор зарласан “Үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх нь” илтгэлийн уралдаан дүнгээ гаргалаа. Уралдааны шалгаруулалт өчигдөр "Оюу" танхимд эхэлж, Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах нээж үг хэлэв. Тэрээр, анхдугаар уралдаанд нийт 15 ажилтан, 9 илтгэл хэлэлцүүлж байна. Манай ажилтнууд хоорондоо уралдана гэхээсээ илүүтэйгээр харилцан мэдлэгээ хуваалцах нь энэ уралдааны өгөөж, ач холбогдлыг харуулж байгаа юм. Түүнчлэн, шинэ санаа боломжуудаа нээх, ажилтнуудыг идэвхжүүлэн, илтгэх ур чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь уралдааны гол үр дүн” гэж онцлов.
Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт хариуцсан ажилтнуудын зохион байгуулж буй анхны илтгэлийн уралдааныг цаашид жил бүр зарлаж, дүгнэнэ. Ингэхдээ ач холбогдлыг нь улам нэмэгдүүлж, оролцоог идэвхжүүлэхэд анхаарна. Хамгийн гол нь, уралдаанд оролцогчид маань илтгэл бичихдээ судалгаа шинжилгээ, дүгнэлт гаргах, гарц шийдлээ оновчтой тодорхойлж, түүнийгээ ойлгомжтой тайлбарлаж илэрхийлэх ур чадварт суралцах боломжийг нээж өгөх зорилготой гэж анхдугаар уралдааны талаар Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Д.Будсүрэн ярилаа.
“Үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх нь” сэдэвт илтгэлийн анхдугаар уралдааны тэргүүн байрыг Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн нягтлан бодогч С.Отгонсүрэн “Уур амьсгалын өөрчлөлт ба карбон кредитийг ашиглах боломж” илтгэлээрээ эзэлсэн бол дэд байранд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Т.Ууганбаяр, А.Гантулга нарын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжүүдийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ, эрсдэл хадгалагдах, магадлалыг үнэлэх” сэдэвт илтгэл шалгарлаа.
Уралдааны гуравдугаар байрын шагналыг Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Тэргүүлэх эдийн засагч Ц.Оюунболор, Б.Тамир нарын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардлыг бууруулах зарим арга замууд” илтгэл хүртэж, тусгай байранд Үйлдвэрийн газрын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам илтгэл хэлэлцүүлсэн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Процессын сайжруулалт, бүтээмжийн товчооны дарга Б.Батжаргалсайхан, бүтээмжийн мэргэжилтэн Л.Дэлгэрмаа, Л.Уранцэцэг нарын баг шалгарч, шагналаа гардлаа.
Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт хариуцсан ажилтнуудын дунд анх удаа зохион байгуулсан илтгэлийн уралдааны шүүгчээр Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Р.Очбадрах, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Т.Очирхүү, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн албаны дарга Б.Намуунгэрэл нар ажилласан юм.