Монгол Улсад ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал Орхон аймагт өнөөдөр боллоо. Энэхүү хуралд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөгчид, Байгаль орчны газар, Сум дундын ойн анги, Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар, Эрдэнэт үйлдвэрийн "Ногоон хөгжлийн төслийн нэгж" зэрэг ойн мэргэжлийн байгууллагын хамт олон болон ахмад ажилчид, мод үржүүлгийн газрын төлөөлөгчид оролцов.
Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч тэрбумаар тоологдох мод тарих уриалга гаргаж, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөн өрнүүлсэн нь улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг онцоллоо. Орхон аймаг 20 сая мод тарьж ургуулах, байгалийн ургамал болон таримал ойг нөхөн сэргээх олон нийтийн оролцоог дэмжих, агаарын чанарыг сайжруулж, иргэдийг эрүүл, аюулгүй тавтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч байгааг энэ үеэр цохон тэмдэглэсэн.
Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авч, ойн салбарт анх удаа Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв, Хөрсний инноваци, технологийн төв, Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор” гэсэн цогц бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалт хийсэн юм. Ингэснээр 100 тонн хүртэлх үрийг стандартын дагуу хадгалах боломж бүрдсэнээс гадна Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор” шилмүүст модны бүрэн автомат хүлэмж бий болгож, ойн салбарт шинэ инновац нэвтрүүлж байгааг хуралд оролцогчид онцолж, баяр хүргэв.
Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн Ногоон хөгжлийн төслийн нэгжийн Судалгаа, инновац хариуцсан ойн инженер У.Уянсанаа, Лабораторийн эрхлэгч Б.Энхзул, Ойжуулалтын техникч Р.Энхболд нар “Байгаль орчны Тэргүүний ажилтан” цол, тэмдэг хүртсэн бол Ойжуулалтын техникч Б.Пүрэвсүрэн, Б.Тулга нарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр шагналаа.