Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний эхэнд уламжлал ёсоор ХАБЭА-н хэлтсийн долоо хоногийн тайлан мэдээллийг сонслоо. Үйлдвэрийн хэмжээнд ХАБЭА-н чиглэлээр хэвийн ажиллаж, өндөр эрсдэлтэй 49 ажил гүйцэтгэн, 18 аюулын эрсдэлийг илрүүлэхийн зэрэгцээ 156 асуудлыг шийдвэрлэсэн байна. Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл ажилтнуудад хуваарийн дагуу олгогдож буй бол Аж ахуй, үйлчилгээний цех, Барилга засварын цех хөдөлмөрийн аюулгүй байдлын 4-р шатны үзлэгт “хангалттай” үнэлгээтэйгээр хамрагджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд шинэ ажилтнуудын дунд “Safety first-2024” тэмцээн эхэлсэн. Тэмцээнд энэ онд Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орсон 214 ажилтан 11 баг болон оролцож, эхний шатанд Авто тээврийн цехийн “Сонор” баг, Ил уурхай, Геологи хайгуулын экспедицийн хамтарсан “Safety miners” баг, ХМТАЦ, Чанарын хяналтын хэлтэс, Зураг төслийн хүрээлэн, Орос 19-р сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамтарсан “5С” баг, Засвар угсралтын цех, Оёдлын цех, Ган бөөрөнцгийн цехийн хамтарсан “Шинэ тэсрэлт” баг, Аж ахуй, үйлчилгээний цех, Барилга засварын цех, Цахилгаан цехийн хамтарсан “Цасан гоо ба долоон одой” баг, Засвар механикийн заводын “ISO” багууд шалгарч, энэ сарын 27-нд болох дараагийн шатанд оролцох эрх авчээ. Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Орхон аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын ордонд Сэтгэлзүйн зөвлөгөөн зохион байгуулагдах бөгөөд үүнд бүтцийн нэгжийн удирдах ажилтнууд идэвхтэй оролцохыг ХАБЭА-н хэлтсээс уриалав.
Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн зуны хаялтын 1-р хэсгийн хуурайшилттай талбай дахь тоосны дэгдэлтийг бууруулах зорилгоор усалгааны ажил хийсэн байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах журмын дагуу Жаргалант сумын иргэдэд байгаль орчин, цагаан тоосны дэгдэлт бууруулах ажлын тайлан мэдээлэл, төлөвлөгөөг танилцуулжээ.
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98.7 хувиар хангагдаад байна. Намар өвөлд бэлтгэх ажлын хүрээнд нийт 293 ажил төлөвлөснөөс 284 нь бүрэн хийгдэж дуусжээ. Үүнд бүтцийн нэгжийн 27 цех хамрагдаж, 2 цех өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувиар хангаад буйг Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар, үйлдвэрлэлийн ажил хэвийн үргэлжилж, хоцрогдолтой байсан зарим үзүүлэлтүүдийн төлөвлөгөөг нөхөн биелүүлж байгаа ч он дуусах хүртэл хугацаанд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллахыг Ерөнхий инженер үүрэг болгов. Тухайлбал, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд техникийн хүчин чадлыг бүрэн ашиглах, нөгөө талаар хүнд даацын машин техник дээр ажиллах хүний нөөцийг хангаж, хөдөлмөр зохион байгуулалт хийж, шийдвэрлэхийг Хүний нөөц, захиргааны хэлтэс болон холбогдох бүтцийн нэгжүүдэд даалгалаа. Түүнчлэн, ээлж хоорондын хүнд даацын машин техник, ажилтнуудын цаг ашиглалтыг сайжруулах, бүтээмж нэмэгдүүлэх, хяналт тавьж ажиллах талаар удирдлагуудад чиглэл өгөв.