Энэ сарын 26-нд Монгол Улсад геологийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойд зориулсан геологичдын ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Уралдааныг нээж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр үг хэлэв. Тэрбээр, “Геологийн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй, Манай газар нутаг, түүний хэвлий дэх баялаг нь тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бөгөөд бидний оршин тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын том үндэс суурь юм. Манай мэргэжилтнүүд эх орныхоо геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтлыг судлан тогтоосны үр дүнд 80 гаруй төрлийн 2000 гаруй орд, 10000 орчим илрэл, геофизик, гео химийн олон мянган эрдэсэжсэн цэгийг илрүүлэн, Монгол Улсын эрдэнэсийн сангаа баяжуулсан амжилттай 85 жилийн ойгоо угтаж байна. Үе үеийн геологичдын судалгаа, хайгуулын ажлын үр дүнд Багануур, Шарын гол, Шивээ-Овоо, Эрдэнэтээс эхэлсэн их бүтээн байгуулалт одоогийн Оюутолгой, Тавантолгойгоор үргэлжилж, Монгол Улсын хөгжлийг түүчээлж байгааг онцлон хэлэхэд нэн таатай байна. Бид цаашид 1:50000-ны геологийн зураглал, ерөнхий эрэл, геофизик, геохими болон бусад сэдэвчилсэн судалгааны ажлуудаа хийж дуусгах, шинээр орд газрууд нээн илрүүлж улсын эдийн засгаа дэмжих гээд олон олон ажлууд биднийг хүлээж буйг гүнээ ухамсарлаж байна. Ингээд Геологи, эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхийг хөдөлмөр зүтгэл, бие сэтгэлээрээ бүтээлцсэн ахмадууд, салбарын нийт ажилтан, албан хаагчид, эрдэмтэн мэргэд, үе үеийн геологичид Үндэсний геологийн алба байгуулагдсан 85 жилийн ойн баярын мэнд хүргэе. Газар шороогоо амьтай нь сонсдог ганцхан мэргэжилтэн геологичид юм” хэмээв.
“Ашигт малтмалын эрэл”, “Эрэл-хайгуулын геофизикийн соронзон судалгаа” сэдвийн хүрээнд болсон ажил мэргэжлийн уралдаанд 21 багийн 149 хүн оролцлоо. Геологийн зураглалын төрөлд “Алтайн чанад минералс” ХХК-ийн баг тэргүүн байр эзэлж, ГСШТөв, Гео эрин ХХК-ийн багууд удаалав. Эрлийн ажлын гүйцэтгэлээр “ГСШТөв”-ийн баг түрүүлж, дэд байрт “Басис” ХХК-ийн баг шалгарсан бол ”Баялаг дата минералс”-ийн баг гутгаар байр эзлэв. Мөн Геофизикийн төрөлд “Гео орон” ХХК-ийн баг түрүүлсэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Блэк сэнд минералс” ХХК-ийн багууд удаах байруудад шалгарлаа. Тус уралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Ашигт малтмал, газрын тосны газар хамтран зохион байгуулсан юм.