Эрдэнэт үйлдвэр Цөмийн энергийн тухай хуулийн дагуу ионжуулагч цацрагтай харьцаж ажилладаг мэргэжилтнүүдээ ерөнхий эмчийн хяналтаас гадна мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх нарийвчилсан үзлэг, шинжилгээнд хамруулдаг. Энэхүү үзлэгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газраас эмч нарын баг Эрдэнэт хотод ирж хийдэг юм.
Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр цацрагтай харилцдаг ажиллагч нараа Улаанбаатар хотод иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулсан байна. Харин энэ жил Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, “Эрдэнэт” сувиллын цогцолборын хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймагт зохион байгуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс дотор, арьс харшил, нүд, чих, хамар хоолойн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг “Эрдэнэт” сувиллын цогцолбор дээр ажиллаж байна. Уг үзлэгт Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Геологи хайгуулын экспедици, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, “Эрдэнэт медикал” эмнэлэг зэрэг Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн долоон нэгжийн 75 ажилтан хамрагдах юм.
Цацрагтай харьцаж ажилладаг мэргэжилтнүүд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0