Мэдлэг түгээх ажлын байр төсөл, үйлдвэрийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн гурван хэсэгт хэрэгжиж байна. Тус цехийн Галын автоматжуулалтын хэсгийнхэн “Дөл” бүтээмж, чанарын дугуйлангийнхаа үйл ажиллагааны хүрээнд мэдлэг түгээх ажлын байр бий болгожээ. Тэд өөрсдийнхөө дотоод нөөц бололцоо, хүчээ ашиглаад, Эрдэнэт үйлдвэрийн галын автоматикийн мэдлэг түгээх ажлын байр буюу түүний харьяа галын автоматикийн туршилтын талбайг байгуулсан байна. Тэрхүү туршилтын талбай, мэдлэг түгээх ажлын байраа түшиглээд мэргэжлийн сургалт тогтмол зохион байгуулдаг болжээ. Ингэснээр хэсгийн нэг ажилтан галын автоматикийн инженер болж, хоёр ажилтан мэргэжлийн зэрэг нэмэх ажлын байрны үнэлгээнд тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, мэдлэг түгээх ажлын байранд ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн нь тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Түүнчлэн, мэдлэг түгээх ажлын байр байгуулж, байнгын үйл ажиллагаатай байлгаснаар залуу ажилтнууд ажлын байрандаа тасралтгүй сурч хөгжих, идэвх санаачилгыг өрнүүлэх хөдөлмөрийн соёлыг бэхжүүлж буй нь том үр дүн юм.
Мэдлэг түгээх ажлын байрны үр өгөөжийн талаар ХМТАЦ-ийн Галын автоматикийн инженер Э.Энхтүвшин танилцуулахдаа, “Мэдээж, галын автоматикийн техник технологи шинэчлэгдэхийн хэрээр үүнтэй уялдаад мэдлэг түгээх ажлын байр маань улам хөгжиж, үргэлжилнэ. Галын автоматикийн мэдлэг түгээх ажлын байр бол улсын хэмжээнд цор ганц энэ чиглэлээр дагнасан сургалтын төв болох ирээдүйтэй” гэж онцлов.
ХМТАЦ-ийн Систем ашиглалтын хэсэг нь үйлдвэрийн хэмжээнд программ сүлжээ болон компьютерын техник ашиглалтыг хариуцдаг гол хэсэг. Мөн хэвлэх болон хувилах тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцдаг. Өдөр тутамд өөрчлөгдөн шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хөгжлийг дагаад систем ашиглалт ч цаг үргэлж боловсронгуй болох шаардлагатай. Иймээс энэ чиглэлийн ажилтнууд өөрсдөө өсөж хөгжих, технологийн шинэчлэлтэй зэрэгцэн суралцах үүднээс мэдлэг түгээх ажлын байртай болох шийдэл олсон байна. Тус хэсгийнхэн энэхүү шийдлээ бодит ажил хэрэг болгож, интернэт дэх дата мэдээллийн сангаас хэрэгтэй мэдээллээ шүүж, татаж авч хадгалах, уншиж танилцах, мэдлэгээ тэлэх зэрэг боломжийг нээгээд байна. Тодотговол, интернэтээс олж авсан онолын мэдлэг мэдээллээ өөрийн болгож, баталгаажуулахын тулд өдөр тутамд гараар бичиж боловсруулах, турших, дадлагажих орчин энэхүү мэдлэг түгээх ажлын байранд бүрджээ.
Рентген, шуурхай шинжилгээний лабораторийн хэсэгт Мэдлэг түгээх ажлын байр байгуулахын тулд тус хэсгийн ажилтнууд Автотээврийн цехийн туршлагатай танилцсан байна. Өөрсдийн боловсруулсан төлөвлөгөө, шийдэл дээр бусдын сайн туршлагаас санаа авч хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж зөвшилцсөний үндсэн дээр мэдлэг түгээх ажлын байраа байгуулжээ. Эндээс мэргэжлийн ур чадвар, арга барил, дадлага туршлагаа дээшлүүлэх цогц мэдээллийг авч, харилцан суралцах өргөн боломж нээгдсэнийг хэсгийн мэргэжилтнүүд онцолж, цаашид тасралтгүй сайжруулах зорилт дэвшүүлснээ танилцууллаа.