“Эрдэнэт медикал” эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар хоолойн тасгийн эмч нар АНУ-д төвтэй "Virtue Foundation" Олон улсын сайн дурын сангийн нарийн мэргэжлийн эмч нартай хамтран бамбайн байрлалтай хоргүй хавдар болон шүлсний том хэмжээний үүсгүүр авах хүнд мэс заслуудын ард өнөөдөр амжилттай гарлаа. "Virtue Foundation" сангийн эмч нар хагалгаанд зөвлөхөөр оролцсон бөгөөд тэд “Эрдэнэт медикал” эмнэлэг тоног төхөөрөмжөөр сайн хангагдсан, эмч нарынх нь мэргэжлийн ур чадвар өндөр байгааг онцлоод, үүнээс ч том хэмжээний хагалгаа хийх бүрэн боломжтой орчин нөхцөл, баг хамт олон байна хэмээн үнэлэв.
Толгой, хүзүүний мэс заслууд нүүр болон хоолойн мэдрэл ялгаж хийгддэг, эмч нараас мэргэжлийн өндөр мэдрэмж, ур чадвар шаардсан маш хариуцлагатай, хүнд хагалгаа байдаг. Гадны нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр дөрвөн хагалгаа амжилттай хийсэн баг хамт олондоо баяр хүргэе гэж “Эрдэнэт медикал” эмнэлгийн Толгой, хүзүү, чих, хамар хоолойн тасгийн мэс заслын эмч П.Амгаланбаяр ярилаа.
Өмнө нь энэ төрлийн хагалгааг “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нар Хавдар судлалын Үндэсний төвийн Толгой, хүзүүний мэс заслын эмч нартай хамтран хийж байсан туршлагатай.
Олон улсын "Virtue Foundation" сангийн эмч Alon Eran ярихдаа, “Монголд 10 гаруй жил ажиллахдаа орон нутагт хоёр дахь удаагаа ажиллаж байна. Дараа ирэхдээ “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч нарын хүсэлтийн дагуу олон мэргэжлийн эмч нарыг авчирч, ажлын байран дээрх сургалт зохион байгуулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байна” гэв.