Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлөөс уламжлалт спорт өдөрлөгөө зохион байгууллаа. Тус зөвлөл жил бүрийн 6 сард нийт ахмадуудынхаа дунд спорт өдөрлөг зохион байгуулж, өнгөрсөн жилийн соёл спорт, олон нийтийн ажлаа дүгнэж, хаалт хийдэг уламжлалтай. Энэ жилйн спорт өдөрлөгийн үйл ажиллагааг Баян-Өндөр уулын энгэрт Хүрэн булагийн рашааны дэнж дээр, эрүүл агаар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хоршуулах хэлбэрээр явуулав. Спорт өдөрлөгт нийт 300 орчим ахмад оролцож, таван төрлийн уралдаан тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
“Энэ удаа бид ахмад бүрийн оролцоог хангах, идэвхжүүлэх зорилгоор тэмцээн бүрт хүн давхцуулахгүйгээр баг тамирчдаа бүрдүүлэхийг чухалчилсан. Учир нь ахмад бүхэн ямар нэг уралдаанд оролцож, идэвхтэй байхыг уриалж байгаа. Багууд маань уулын оргил булаалдах, бөмбөг гоол хийх, цагирагт бөмбөг шидэх зэрэг буухиа тэмцээнээс гадна шагай шүүрэх, морь уралдуулах уламжлалт тэмцээнд оролцож, өрсөлдөнө. Өөр өөрсдийн харьяа цех нэгжээрээ баг болж, нийт 63 шагналт байрын төлөө уралдана. Энэ жил бид тэмцээний баян ходоод буюу сүүлийн байранд орсон баг тамирчдыг ч шагнаж урамшуулж буйгаараа онцлогтой” гэж Ахмадын Нэгдсэн зөвлөлийн орлогч дарга Х.Долгоржав ярилаа.
Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлд энэ оны 6 сарын 1-ний байдлаар, 2975 ахмад харьяалагдаж байна. Ахмадын нэгдсэн зөвлөлөөс Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбож, үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмадууддаа анхаарал халамж тавьж, тэднийхээ эрүүл мэнд идэвхтэй амьдралын хэв маягт урам зориг нэмэх үүднээс олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөн, хэрэгжүүлдэг.
Ахмадууд спортын таван төрлөөр өрсөлдлөө
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0