Худалдан авах ажиллагааны тендерийн материалыг богино хугацаанд үнэлж, хүний оролцоог бууруулснаар үйл явцыг хурдасгаж, зардал хэмнэнэ. Ингэхдээ шалгуур үзүүлэлтийн дагуу тендерүүдийг ижил тэгш, обьектив үнэлнэ. Өөрөөр хэлбэл, хүний оролцоотой субьектив хандлага, алдаа мадгийг багасгах боломжтой хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval v1.0” технологийг Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
Энэхүү технологийн дэвшилтэт систем нэвтэрснээр тендерийн үнэлгээний хорооны хурлын дуу бичлэгийг бичвэрт буулгаж, цаг хугацаа алдахгүй шуурхай боловсруулах, тендерт ирүүлсэн олон зуун хуудас бүхий материалыг ангилах, тавигдах шаардлагын дагуу үнэлэх, тоон гарын үсгийг ашиглан нэмэлт зардалгүйгээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баримт бичиг баталгаажуулах, үнэлгээний хорооны хурлыг товлох, үнэлгээний хорооны гишүүдэд хурлын зар хүргэх гэх зэрэг үйл ажиллагааг хиймэл оюун ухааны тусламжтай зохион байгуулах боломж бүрдэж байна.
Худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хиймэл оюун ухаанд суурилсан “TenderEval v1.0” системийн нээлтийн ажиллагаа Эрдэнэт үйлдвэрт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул, Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, Удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа болон бусад албаны зочид төлөөлөгчид оролцож, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага хамт олон, инженер мэргэжилтнүүдэд баяр хүргэв.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Монгол улсад хиймэл оюун ухааныг худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний үйл ажиллагаанд нэвтрүүлж буй анхны үйлдвэр Эрдэнэт үйлдвэр боллоо” хэмээн онцолж, Засгийн газар болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Түүнчлэн уг системийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгч “Чимэгэ системс” ХХК-ийн захирал С.Бадрал хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж, тендерийн үнэлгээг зохион байгуулах талаар мэдээлэл өгч, танилцуулга хийсэн бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны үйл ажиллагааг цахимжуулах, үнэлэх аргачлалд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх төслийн үйл явц, цаашдын үр дүнг танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагааны үнэлгээнд хиймэл оюун ухаан хөгжүүлж, нэвтрүүлэх төслийг тус үйлдвэрийн Мэдээлэл технологийн хэлтэс, Холбоо мэдээлэл автоматжуулалтын цех, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газар зэрэг бүтцийн нэгжүүд “Чимэгэ системс” ХХК-тай хамтран 2023 оны 6 сард эхлүүлж, өнөөдөр амжилттай нээж байна. Төслийг, Чимэгэ бичээч бүхий боксыг нийлүүлж суурилуулах, систем хөгжүүлж, тестийн хувилбар танилцуулах, системийн зүгшрүүлэлт, нэмэлт хөгжүүлэлт, анхны хувилбарыг нээж, нэвтрүүлэх зэрэг дөрвөн үе шаттайгаар нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэн, ийнхүү албан ёсоор ашиглаж эхэллээ.