Зууны манлай бүтээн байгуулалт шилдэг аж ахуйн нэгж, Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Сар шинийн баярын босгон дээр Туулай жилийнхээ хөдөлмөрийн сайчууд, манлайлагчдаа “Хөдөлмөрийн аварга”-аар тодруулан алдаршуулж, зарим шилдэг ажилтны нэрийг “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлдэг уламжлалтай. XVII жарны Харагчин туулай жилийн ажил үйлс, амжилт бүтээлээрээ уурхайчин хамт олноо тэргүүлэн, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх, үйлдвэрлэлийн хэмжээ, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулахад идэвх санаачилгатай ажилласан нэр бүхий 33 ажилтныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулан урамшуулж, зургийг нь хүндэт самбарт бүтэн жил байрлуулахаар боллоо.
Мөн үйлдвэрийн газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, шинэ техник технологи нэвтрүүлэн эзэмших, үндэсний мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэх, хөдөлмөрийн хамт олныг удирдан зохион байгуулах, үйлдвэрлэлийн менежментийг зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгоход бүтээлч хөдөлмөрөө зориулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн Захиргааны эрх зүй хариуцсан Тэргүүлэх хуульч Жандалын Отгонбаяр, Тээвэр, ложистикийн төвийн Ерөнхий инженер Гомбодоржийн Баяр, Засвар, механикийн заводын Үйлдвэр техникийн товчооны дарга Доржийн Мөнхсайхан нарын нэрийг Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн “Хүндэт дэвтэр”-т бичин мөнхжүүлж, “Хүндэт тэмдэг”-ээр энгэрийг нь мялаав.
“Хөдөлмөрийн аварга”-ууд, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн шилдгүүдийн шагналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх, Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат, Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор, Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах нар гардуулж баяр хүргэлээ.
Түүнчлэн, үйлдвэрлэлийн шат дамжлагыг сайжруулж, шинэ техник технологи нэвтрүүлэн, үйлдвэрийн санхүү, эдийн засагт зохих хувь нэмрээ оруулан ажилласан Хөдөлмөрийн 33 аварга тус бүрийг Эрдэнэт үйлдвэр таван сая төгрөгөөр, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн эрхмүүдийг 10 сая төгрөгөөр урамшуулан шагналаа.
Энэ үеэр Баяжуулах үйлдвэр Харагчин туулай жилийн “Ахмадууддаа ээлтэй хамт олон”-оор шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Төгсгөлд нь энд хуран цугласан хүмүүс “Уурхайчин би” сүлд дуугаа хамтран дуулснаар Туулай жилийн хөдөлмөрийн алдартнуудыг тодруулах ёслолын үйл ажиллагаа өндөрлөлөө.