Эрдэнэт үйлдвэрийг “Азийн бүтээмжийн загвар байгууллага”-аар шалгаруулжээ
Эрдэнэт үйлдвэр мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч “Азийн загвар байгууллага”-аар шалгарсныг даваа гаригийн шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлагуудад уламжиллаа. Азийн бүтээмжийн байгууллагаас 2023 онд Монгол улсын гурван байгууллагыг сонгон “Эрчим хүч болон уул уурхайн салбарт Мэдлэгийн менежментийн арга хэрэгслийг нэвтрүүлэх замаар бүтээмжийг дээшлүүлэх нь” Азийн загвар байгууллага бий болгох төсөл хэрэгжүүлсний нэг нь Эрдэнэт үйлдвэр юм.
Төсөл хэрэгжсэнээр мэдлэгийн менежементийн талаарх ойлголт мэдлэг, ур чадвар, мэдлэгийг удирдах арга техникт суралцан, бүтээмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ахисан шатанд гарган менежментийн шинэ тогтолцоо нэвтрүүлэх замаар үйлдвэрийн газрын үр ашгийг нэмэгдүүлэх, ISO 30400 стандартын хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлсэн нь шилдэг загвар байгууллагаар шалгарахад нөлөөлжээ. Үүний үр дүнд Эрдэнэт үйлдвэр, “Мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх” бодлого, журмаа тодорхойлж боловсруулсан байна. Төслийн үйл ажиллагааг Монголын бүтээмжийн төв дэмжиж, зохицуулагчаар нь Стратеги хөгжлийн газрын бүтээмжийн мэргэжилтэн Л.Уранцэцэг ажиллажээ.
“Уурхайчин-2” хорооллын захиалагчид талархлаа илэрхийлж байна
“Уурхайчин-2” орон сууцны хороололд байр захиалсан Эрдэнэт үйлдвэрийн 319 ажилтан, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан гурван жил хохироод байсан юм. Тэгвэл эдгээр ажилтнуудын хохирлыг үйлдвэрийн зүгээс эхний ээлжинд барагдуулж, хохиролгүй болгох шийдвэрийг өнгөрсөн 9 сард “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр гаргуулж, үүнтэй холбоотой Ерөнхий захирлын тушаалын дагуу Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан, дээрх шийдвэрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар, дээрх 319 захиалагчаас 277 хүний анхан шатны бичиг баримтыг нягтлан шалгаж, 7.9 тэрбум төгрөгийг шилжүүлж, хохирлыг нь барагдуулжээ.
Одоо үлдсэн 43 захиалагчийн баримт материалыг шалгаж байгаа бөгөөд тухайн захиалагч төлбөрөө гэр бүлийн болон өөр хүний данснаас шилжүүлэх, гүйцэтгэгч компанийн захирлын хувийн дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрснийг нягтлан, тухайн ажилтны төлбөр мөн эсэхийг баталгаажуулсны дараа хохирлын мөнгөн дүнг одоогийн үнийн өсөлттэй уялдуулан тооцож барагдуулахаар ажиллаж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зүгээс санаачлан хэрэгжүүлж буй дээрх шийдвэрт захиалагчид талархаж, сайхан үйлдвэр түшиж ажилласны буянд хохирлыг барагдуулж өгсөнд баярлаж буйгаа илэрхийлсэн байна.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас хэмнэлт гарган ажиллаж буйг үнэлэв
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөт ажлын зардлаас 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажиллаж буйг “Эрдэнэс Монгол” нэгдэл сайшаасан байна. Тус үйлдвэр энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөндөө Барилгын үйлчилгээний төвөөр магадлал хийлгэсэн нийт 19 компанид хамаарах 183.1 тэрбум төгрөгийн дүнг тусгаж, аудитын “КПМЖ” компаниар нягтлуулж, дүгнэлт гаргуулан олон улсын хөндлөнгийн аудитын хараат бус дүгнэлтэд үндэслэн, улмаар оролцогч талуудтай хэлцэл хийсний дагуу үнийн өсөлтөөс 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажиллажээ.
Энэ үзүүлэлтийг бусад төрийн өмчит үйлдвэр, компаниудад нэвтрүүлэх сайн туршлага, шилдэг жишиг гэж үзэж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулан, олон нийтэд сурталчлахыг “Эрдэнэс Монгол” нэгдлийн ээлжит хуралдаанаас үйлдвэрийн удирдлагуудад үүрэг болгосон байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирал Г.Ёндон удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр мэдээлэл хийхдээ, энэхүү 109.2 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хүдэр бэлтгэлтийн 1-р шугамын бүтээн байгуулалтад зарцуулаад байгааг онцлон хэлэв.