ХУЙЛМАЛ ЗҮЛГИЙГ ЭРДЭНЭТЭД АНХ УДАА ДЭЛГЭН УРГУУЛЛАА

“Ногоон Эрдэнэт” хөтөлбөр

Орхон аймгийн “Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж” УТҮГ (Улсын төсөвт үйлдвэрийн газар)-ын хамт олон Орхон аймаг, Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ногоон байгууламжийн арчилгаа тордолтын 20-22 ажлыг жилийн турш тодорхой давтамжтайгаар хийж гүйцэтгэдэг ажээ.Тэд “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй оролцож буй хүмүүс. Тиймээс Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын ахлах мэргэжилтэн М.Алтанчимэгтэй ярилцахаар ажил руу нь зорин очлоо. Тэрээр өгүүлэхдээ: 
-“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд бид хотын доторх болон хотын ойролцоох ногоон байгууламжид мод бут тарих, бусад байгууллагууд мод тарих үед нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хотын бүх ногоон байгууламжийг арчлан хамгаалахад гол анхаарал хандуулдаг. Ихэнхдээ хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийг арчлан хамгаалах, нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах, шинэ мод сөөг нутагшуулах зэрэг ажил хийсээр байгаа. Өвөл хаврын цаг агаарын байдлаас шалтгаалан шинэ тарьсан модны хорогдол нэлээн гардаг, түүнийг нөхөж тарих ажил ч хийгдэнэ. Ер нь модыг арчилж ургуулахад 3-5 жилийн хугацаа шаардагддаг. Шинэ тарьсан модонд дасан зохицох хугацаа гэж бий. Хавар тарьсан модоо ургахгүй байна гээд намар нь аваад хаях биш, түүнийг хөрсөндөө дасан зохицох хүртэл ядаж 2 жил усалгаа, арчилгаа тордлогоо хийгээд ажиглах хэрэгтэй байдаг. Ингэсний дараа сэргэхгүй бол харин авч хаяад өөр мод нөхөн суулгаж болно. 
Манайх 2013 онд байгуулагдсанаас хойш консулын баруун тал, Гендирекцийн урд хэсэг болон гурван замын ногоон байгууламж, “Их хаадын цуваа” компанийн барьсан орон сууцны хороолол дунд, Баян-Өндөрийн гудамж гээд олон газарт ногоон байгууламж хийж, мод тарьж арчилж тордоод жилээс жилд өнгө оруулсаар байна. Тэдгээр газарт шилмүүст, навчит том мод, чимэглэлийн бут сөөг голдуу тарьсан. Цаашид хотын өнгө үзэмжид тустай, хэлбэржүүлж болох бут сөөг голдуу тарьсан. 
Хотын ногоон байгууламжийн нэг хэсэг нь цэцэгт байгууламж байдаг. Бид 2017 оноос хүч бололцоондоо тулгуурлан цэцэгжүүлэх ажлыг өөрсдөө хийдэг боллоо. Түүнээс өмнө дандаа худалдан авдаг байсан. Ингэхээр зардал ч их гардаг. Бид 2-р сараас үр, хөрсөө бэлдээд 3 сарын 10-наас эхний тарилтууд хийдэг. Түүнийг хүлэмжинд 3 сар арчлан ургуулсны дараа 6 сарын эхээр талбайд гаргаж тарьдаг. Ингэхдээ эхний хүйтрэлтийг өнгөрөөнө. Бид аль болох цэцэглэлт урттай, тод өнгөтэй цэцгүүдийг илүү их сонгож тарьдаг. Ер нь 7-10 нэр төрлийн цэцэг тарьдаг. Амарын талбайн цэцэгжүүлэлтийн өнгө зохиомжийг жил бүр өөрчилж, ард иргэдэд тааламжтай байлгахыг хичээдэг. Энэ ажлыг дагнан хийдэг 3-4 хүн бий. Цэцэг тарихад агротехникийн мэдлэг чадвартай хүн хэрэгтэй учраас энэ ажилд нэгэнт дадлагажсан ажиллах хүчнийг сольдоггүй. Манайх өнөөдөр 35 хүнтэй ажиллаж байна. Жил бүрийн хавар шинэ үр худалдан авч тариалалт хийдэг. Үрслэг худалдаж авснаас үр худалдаж авах нь бараг 10 дахин хямд өртөгтэй. Өмнө нь Эрдэнэт хотыг цэцэгжүүлэхэд 50 сая гаруй төгрөгөөр үрсэлгээ худалдаж авдаг байсан бол одоо үр худалдан авахад 5-7 сая төгрөг зарцуулж байна. Манайх Цагаанчулуут багт өвлийн хүлэмжтэй. Энэ хүлэмж хүйтний улиралд галлагаа заавал шаарддаг. Манай манаач галлагаа хариуцан ажилладаг юм.
Хотын ногоон байгууламжид шинээр тарих мод, бут, сөөгийг Эрдэнэтэд үйл ажиллагаа эрхэлдэг хувийн мод үржүүлгийн газруудаас худалдан авдаг. Энэ нь орон нутгийн мод үржүүлгийн газруудыг дэмжин ажиллаж байгаа нэг хэлбэр юм. Харин монгол оронд хараахан нутагшаагүй зарим модыг гаднаас оруулж ирээд туршилт хийж байгаа Улаанбаатарын зарим компаниас худалдан авч Эрдэнэтийн хөрсөнд суулгах ажил хааяа хийдэг. 
2017 онд Эрдэнэт хотын ногоон байгууламжийн төмөр хашлагуудыг авч оронд нь ургамалан хашлага тарих ажил эхэлсэн. Ингээд анх хотын нийтийн эзэмшлийн 19 нэрэмжит талбайн 6,9 км урт төмөр хайсыг ургамалан хашлагаар солих ажил хийсэн. 2017 оноос хойш тарьсан ургамалан хашлаганы ургалт гүйцэж, амьд хашлаганы хэмжээнд хүрсэн гэж үзээд энэ жилээс бид төмөр хайснуудыг буулгасан. 2013 онд 12 мянган уртааш метр төмөр хайс байсан. Одоо түүний 70 хувийг нь буулгаад байна. Ирэх оны хавар үлдсэн төмөр хашлагуудыг буулгана. Цаашид шинээр тарилт хийсэн ногоон байгууламжид өмнөх шиг нүсэр төмөр биш 2-3 жил ашиглаад, ургамалан хашлага ургаж гүйцэхээр буулгахад амар хялбар хашлага хийнэ. Ургамалан хашлага хийх шар хуайсыг орон нутгийн иргэдийн мод үржүүлгийн газруудаас авдаг. Ургамалан хашлаганы ургалт одоогоор 74 хувьтай байна. Тэдгээрийг 100 хувь ургах хүртэл нөхөн тарилт хийсээр байх юм. Гэхдээ нэг хэлмээр зүйл байдаг. Төмөр хашлага авсны дараа зарим иргэд ургамалан хашлаганы дундуур шургаж гарах, зүлгэн дээр хэнэггүй алхах тохиолдол их байна. Бас хариулгагүй мал хот руу орж ирж ногоон байгууламж идэж, мод бут хугалах тохиолдол их. Мөн хотын газар доорх шугам сүлжээ гэмтэх үед газар ухаж гэмтлийг засахаас аргагүй учраас тэр болгонд ногоон байгууламж сүйтгэгддэг нь үнэхээр харамсалтай санагддаг. 
Монголын хэсэг залуус Швед улсад олон жил ажиллахдаа хуйлмал зүлэг хийдэг байж л дээ. Тэд Шведээс тэр зүлэгний үр оруулж ирээд туршиж үзсэн байна. Хуйлмал зүлгийг эхлээд үрээр ургуулдаг. Дараа нь тодорхой технологиор түүнийг хуйлж авна. Ингээд бэлдсэн талбай дээр хуйлмал зүлгээ авчирч тавина. Өөрөөр хэлбэл, амьд зүлгийг хуйлж ирээд шууд талбайд нь дэлгээд дахин ургуулдаг гэсэн үг. Орхон аймаг энэ жил Кувьетийн гудамж, “Хүлэг” хүнсний захын урд талын зам дагуу зэрэг хэд хэдэн газрын нийт 4000 м2 талбайд энэ хуйлмал зүлгийг дэлгэн ургуулж туршсан. Энэ нь зүлэг ургуулах үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа ч маш их арчилгаа, усалгаа, сайн чанарын бордоо шаарддаг. Үүнийг хоёр жил маш сайн арчлаад ургуулчихвал цаашид бие даан ургах чадвартай. Гэхдээ энэ зүлэгний нэг онцлог нь байнга тайрч тэгшлэх шаардлагатай байдаг. Тэр хэмжээгээр улам өтгөрч ногоордог. Хавар эрт ногоороод, намар 11 сар хүртэл ногоон өнгөө хадгалдаг онцлогтой ургамал юм. Бидний тарьсан хуйлмал зүлэг энэ өвөл анх удаа Эрдэнэт хотын хөрсөнд өвөлжих гэж байна. Нэгдүгээр хорооллын 3 ба 4-р байрны тоглоомын талбайн хэсэгт 1600 м2 талбайд мөн хуйлмал зүлэг тарьсан. Иргэдийн ойролцоо ийм зүлэг суулгахаар нэг бэрхшээл нь иргэд их гишгэлж гэмтээдэг юм байна. Ийм нөхцөлд зүлгээ хайрлан хамгаалах тухай зөвлөгөө, сурталчилгааг СӨХ сайн хийх хэрэгтэй санагдсан. Бид хотын ногоон байгууламжийг сайжруулах ажил хэчнээн хийлээ ч иргэд ойлгож түүнийг хамгаалахад бодит туслалцаа үзүүлж, үр хүүхдээ шинээр ургаж буй ногоон байгууламж дээр гишгэхгүй байх хүмүүжил олгохгүй л бол үр дүн харагдахгүй. Ялангуяа огт өөр цаг агаар, уур амьсгалтай улс орны зүлгийг эх орондоо нутагшуулах гэж байгаа энэ оролдлогыг иргэд ойлгож, дэмжиж хамтаараа түүнийг хамгаалмаар байна. Энэ туршилт амжилттай болбол цаашид бид монгол залуусынхаа ургуулсан хуйлмал зүлгийг илүү их хэмжээгээр авчирч Орхон аймгаа хэдхэн хоногийн дотор ногооруулах бүрэн боломжтой. Энэ хуйлмал зүлгийг нутагшуулж чадвал төв суурин газрын иргэдийн орон сууц, хувийн хаус, амралт чөлөөт цагийн бүсэд маш тохиромжтой ногоон орчин бий болно.
“Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд ирэх оноос айл өрх, ард иргэдийг мэргэжлийн арга зүйгээр хангаад орчин тойронд нь 1-3 мод тарьж өгөөд арчлан ургуулах байдлаар 3 жилийн хугацаанд хамтран ажиллах зорилтыг бид тавьж байгаа. Зөвхөн хотын ногоон байгууламжийг сэргээх биш Орхон аймгийн айл өрх бүхэн хашаандаа, байрныхаа гадна мод тарьж арчилж ургуулбал Эрдэнэт хот аяндаа ногоон орчинтой болно. Иргэд хашаандаа жимсний мод нэлээн тарьдаг болсон нь нэг дэвшил. Харин болж өгвөл өөр өөрсдийн орчин тойронд шинэс, нарс, гацуур, улиас, агч, монос гэх мэт 2-3 том мод таривал олон айлын мод ургаад ирэхээрээ агаар цэвэршүүлж, чийгшүүлэх, дуу чимээ багасгах, тоос шороог өөртөө шингээх, амьдрах орчны таатай нөхцөл бүрдүүлэх гээд олон талын ач холбогдолтой байх юм. Том модны хажууд жимсний жижиг моднуудаа тарьж болох шүү дээ. Том моднууд салхинаас хүртэл хамгаалдаг давуу талтай. Иргэдэд мод тарьж хамтран ажиллахын хажуугаар тэдэнд экологийн боловсрол олгохыг бид бас хичээж байна. Өөрөөр хэлбэл, модыг байшингийнхаа хаана нь яаж тарих, услах, арчлах, хэрхэн тайрч танах, хэлбэржүүлэх гээд заавал мэдвэл зохих зүйлсийг газар дээр нь зааж сургах бодолтой байгаа. Бидний чадах ажил учраас гэр хороолол руу чиглэн айл өрхүүдэд мод тарьж өгөх сонирхол, ойрын хүсэл тэмүүлэл бидэнд байна. Эрдэнэтийн гэр хороололд нэлээн өргөн хүрээний урамшуулалтай хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн оролцоо, идэвхийг дэмжин, хамтран ажиллаж богино хугацаанд ногооруулмаар байна. Ингэж чадвал Эрдэнэтийн дулааны улирлын өнгө төрх эрс шинэчлэгдэж, түүнийг харж урам авсан иргэд цаашид өөрсдийн санаачилгаар орчин тойрныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлээд л явна. Энэ ажлыг өргөн хүрээнд эхлүүлэх нь л хамгийн чухал санагдана. Гэхдээ 2023 оны намар аймгийн төр, захиргааны байгууллагаас “Айл өрх бүр 5 мод тарих” уриалга гаргасан нь бас нэг сайхан эхлэл байсан. Энэ уриалгын үр дүнг тооцож үзээд ирэх жилийн хавар, намрын мод тарилтаар улам эрчимжүүлэн, олон түмнийг урамшуулалтай хөдөлгөөнд уриалъя. 
Мод тарьсан айл өрх, ААН-үүдэд урамшуулал олгохын тулд бид намар газар дээр нь очиж үздэг. Тэгээд ажиглахад маш сайхан ургасан модыг хашаандаа дэндүү шахаж тарьсныг хараад харамсдаг. Тиймээс модыг эхнээс нь зөв газар, зөв тарих нь хамгийн чухал. Тийм учраас бид цаашид айл өрхүүдэд мод тарих аргачлал өгөх нь хамгийн чухал юм байна гэж бодсон. Энэ ажлыг эхлээд хоёр багт туршиж үзнэ. 
Манай байгууллага “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнгийн урд 2022 оноос эхэлж мод тарьсан. Мөн гурван замын уулзварын наад замын ойн зурваст шаардлагатай үед очиж мод услах, өвс хадах ажил хийдэг. Намар тэр хавийн өвсийг хадахгүй л бол ирэх хавар хэн нэгний буруутай үйлдлээс шалтгаалан гал түймэр гарах эрсдэлтэй. 
Манай ажил жилийн турш 3-4 удаагийн давтамжтай хийгддэг. Бид 3 сард цэцэг үрслүүлэх ажлаа эхэлнэ. 4 сарын 10-наас модны хаврын цэнэг усалгаа хийнэ. Үүнтэй зэрэгцээд моднуудын ойр орчмын хог, хөрсийг цэвэрлэнэ. 2 сарын 15-аас 4 сарын 10 хүртэл мод хэлбэржүүлэх ажлаа хийнэ. Энэ ажлын хүрээнд голдуу улиасны тайралт таналт хийдэг. Ер нь улиасыг 3-4 жилд нэг удаа тайрснаар цагаан хөвөн хаяхгүй. 4 сарын 20-оос модны нөхөн тарилт хийнэ. 5 сард бүх нийтийн мод тарилт эхлэхээр манайх хариуцсан газрууддаа мод тарих, арчлах ажлаа хийдэг. 6 сарын 10-аас зүлэг хадах, зэрлэг хог ургамал авч зайлуулах ажлаа хийдэг юм. Түүнтэй зэрэгцээд мөн л модны хэлбэржүүлэлт хийнэ. Зүлэг хадалт, модны хэлбэржүүлэлтийг зун, намар 4-5 удаа хийдэг. Ингэснээр нэгэнт хэлбэржүүлсэн мод тэр төрхөө сайн хадгалдаг юм. Ингэж арчлахгүйгээр ургуулчих л юм бол аяндаа нэвсийнэ. Жил бүрийн 5.6 сард мод, бут, сөөгийг бордоно. Мөн 6, 7 сард хортон шавжаас сэргийлэх ажил хийнэ. Энэ үеэр хор цацна, модны иш хэсгийг шохойдно. Намар 10 сарын 20-ны орчим намрын цэнэг усалгаа хийнэ. Энэ усалгааг сайн хийвэл модод өвлийн хүйтрэлийг амжилттай давна. 11 сарын 20-оос хойш моднуудаа цасаар манана. Цасаар сайн манавал мод сайн өвөлжинө. Хавар 2-4 сард хурц нар гарахад модны холтос гэмтэх эрсдэлтэй. Өвлийн хүйтэн, хаврын салхинд мод ядарч туйлдах учраас цас маш сайн хамгаалалт болдог. Цасны маналт нэгдүгээрт үндсийг, хоёрдугаарт модны гол ишийг сайн хамгаалдаг. Манай ажилтнууд энэ их ажлыг нугалахын тулд 4 сарын 20-оос наадам хүртэл маш завгүй ажилладаг. Өвөл 11 сарын 10-аас эхлээд ажилтнууддаа ээлжийн амралт олгодог. Тэднийг хөгжүүлэх, сургаж боловсруулах ажлаа ч энэ саруудад хийнэ. Энэ жил бид ажилтнуудаа 3 удаагийн сургалтад хамрууллаа. Ажлын онцлогоос шалтгаалаад манай ажилтнууд зун амрах боломжгүй гэдэг нөхцөл байдалдаа дасжээ. 
Манай байгууллагыг Орхон аймгийн удирдлагууд маш их дэмждэг. Өөрөөр хэлбэл, төсөв хөрөнгө, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, машин техникээр хангадаг. Хотын төвийн мод хэлбэржүүлэх ажлыг бид моторт багажаар гүйцэтгэж байна. Хөдөлмөр хөнгөвчилсөн ийм багаж хэрэгсэлгүйгээр дандаа гараар хийнэ гэвэл бүтээл гарахгүй. Тиймээс Орхон аймаг, Эрдэнэт хотоо ногооруулах ажлаа бид сайн хийнэ. 
Харин ганц санаа зовоодог зүйл гэвэл, цаашид Эрдэнэт хотын ногоон байгууламжийг хаана хийж болох, болохгүйг маш сайн төлөвлөмөөр байна. Учир нь, бидний сонгоод хийсэн ногоон байгууламж дээр дараа нь өөр барилга байгууламж барих эсвэл тухайн газар доор шугам сүлжээ байгаад тэр нь эвдэрч гэмтсэн үед олон жилийн хөдөлмөр зарцуулж хийсэн ногоон байгууламжийг сэндийлж газар ухахаас аргагүй байдал үүсээд байвал тун бэрх болно. Тиймээс Орхон аймгийн шинэ төлөвлөлтөд инженерийн шугам сүлжээ хаагуур хийгдэх, мод бут нь хаана ургахыг тун сайн төлөвлөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэр, хотын бүтээн байгуулалтын хэтийн төлөвлөлт дээр ногоон байгууламжийн төлөвлөлтийг холыг харж хийх нь хамгийн чухал санагддаг. Ногоон байгууламжийн төлөвлөлт сайн байвал бидний зүлэгжүүлэх талбай, тарих мод, бут, сөөгний газар тодорхой болно гэсэн үг. Ийм төлөвлөлтийн дагуу хийсэн ногоон байгууламж олон жил ургах таатай нөхцөл бүрдэнэ гэж ярив.


Ж.ОЮУН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.Энхцэцэг: Эрдэнэт үйлдвэр Архивын баримтын хадгалалт хамгаалалтыг олон улсын жишигт нийцүүлнэ
Б.ЧИНЗОРИГ: Дотоод бүх нөөц бололцоогоо ашиглана
Б.Алтангэрэл: Төслийн дэд бүтцийн ажил 60 орчим хувьтай явна
Х.ХУЛАН: Жингээ хасаж чадахгүй байвал бамбайн даавраа шалгуулаарай
А.ЭРДЭНЭЦОГТ: Үйлдвэрлэлийн орчны тоосжилтыг цэвэршүүлж, хүмүүст эрүүл агаар бэлэглэдгээрээ бахархдаг
О.ДЭЛГЭРМАА: Манай зусланг зорьж, гадаадаас хүүхдүүд ирдэг
А.ТҮВШИНЖАРГАЛ: Асуудлыг болохгүй талаас нь харах тусам улам томордог
Н.ЭРДЭНЭТУЛГА: Аливаад дөртэй, эр зоригтой байхыг хичээдэг
Б.БААСАНСҮРЭН: Төслийн барилга байгууламж, дэд бүтцийн ажил 70 гаруй хувьтай явна
Н.ЧҮЛТЭМСҮРЭН: Инженер хүн амьдралаас олон талын мэдлэг олж авдаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %