Жилийн бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг дэлхий нийтээр “Усны өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. “Цэнхэр алт” хэмээгддэг усны үнэ цэнийг таниулан ойлгуулахын тулд эл өдөр тодорхой уриа дэвшүүлж, түүгээр дамжуулан асуудалд гарц, шийдэл нээх үр дүнг эрэлхийлдэг. Энэ жилийн тухайд дэлхий нийт “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэхээр болжээ.
Харин Монгол улсад усны салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож буйтай уялдуулан тэмдэглэхээр төлөвлөж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнх онцоллоо. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сэлэнгэ голын сав газрын захиргаа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цех, “Эрдэнэт Ус, Дулаан түгээх сүлжээ” ОНӨХК зэрэг ус олборлон, түгээх үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд хамтран эл өдрийг зохион байгуулна.
Усны салбарын байгууллагуудын ажилтны дунд уламжлалт гар бөмбөгийн тэмцээн, “Бид усаа ингэж хэмнэдэг”, “Өдөр тутмын амьдралд усны гүйцэтгэх үүрэг”, “Усгүйгээр...” зэрэг сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг ерөнхий боловсролын сургуулиудын дунд тус тус болно. Мөн сурагч хүүхдүүдийг оролцуулан ус хэмнэх чиглэлээр видео бичлэг, АХА танин мэдэхүйн тэмцээн, Эрдэнэт хотын ундны усны шинэ эх үүсвэр болж буй Бүрэнбүстийн эх ундарга орчимтой танилцуулах аж.
Цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулахад “Дэлхийн усны өдөр”-ийн гол зорилго оршдог бөгөөд усны салбарынхан байгууллага бүрдээ усаа хайрлаж, хамгаалах уриалга бүхий сурталчилгааны самбар, хуудас байршуулан түгээх юм байна.
2023-03-27
Билгийн тооллын 6