Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн Барилга, засварын цехийн хамт олны баярын хурал Соёл, урлагийн цогцолборын их танхимд өнөөдөр боллоо.
Баярын хуралд Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Батмөнх тэргүүтэй бүтцийн нэгжийн удирдлагууд, Барилга, засварын цехийн удирдлагууд, баялаг бүтээгч хамт олон, үе үеийн барилгачид оролцов.
Ёслолын үйл ажиллагааг нээж, Барилга, засварын цехийн дарга М.Төмөртогоо хэлсэн үгэндээ, Өнөөдөр барилгын салбар шинэ технологи, инновац, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл, байгальд ээлтэй бүтээн байгуулалт, чанар стандартын шинэ шаардлагуудтай уялдан хөгжиж байгааг онцлоод, үүний цаана салбарынхаа ирээдүйг авч явах мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн барилгачдын хөдөлмөр хамгийн чухал болохыг цохон тэмдэглэв.
Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр баяр хүргэж хэлсэн үгэндээ, 50 жилийн түүхтэй Эрдэнэт хотын өнөөгийн өнгө төрх, хөгжил дэвшил Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн барилгачдын хүч хөдөлмөрөөр бий болсныг онцолсон бол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх “Дэлхийд данстай Эрдэнэт үйлдвэрийг хаанаас нь ч харсан үзэмж төгөлдөр, өргөтгөл шинэчлэл, барилга байгууламж бүхэн нь стандартад нийцсэн өндөр чанартай байгаа нь барилгачдын маань ажлын үр дүн, ур чадварын илэрхийлэл юм” хэмээн тодотгосон юм.
Энэ үеэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Барилга, засварын цехийн ахмад ажилтан Э.Жаргалцэцэгийг, Алтангадас одонгоор ахмад ажилтан З.Бадамгарав, С.Нарантуяа, мастер З.Отгонгарав, гүүрэн кранчин Б.Баярмагнай нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар засал чимэглэлч Ч.Гантөмөр, М.Гэрэлмаа, К.Эрдэнэсамбуу, үйлчлэгч А.Ариунцэцэг, бетончин Л.Батмөнх, ахмад ажилтан А.Энхбуянт нарыг шагнасныг гардууллаа. Мөн Тэргүүний барилгачин цол тэмдгээр бетончин Ү.Отгонбаяр, засал чимэглэлч Б.Мөнхцэцэг, хэсгийн дарга Г.Нямсүрэн, Нийгмийн хамгааллын салбарын Тэргүүний ажилтан цол тэмдгээр хүний нөөцийн мэргэжилтэн Э.Чимэгмаа, Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр бетон угсрагч Г.Алзахгүйбаатар нар энгэрээ мялаав. Харин МҮЭ-ийн “Тэргүүний ажилтан”-аар ҮЭ-ийн хорооны дарга Б.Ганданбалжир, МЭХ-ны “Хүндэт тэмдэг”-ээр засал чимэглэлч Б.Бат-Оюу, Б.Отгонтуяа, МЗХ-ны “Тэргүүний залуу алтан медаль”-аар мод боловсруулах суурь машинч М.Моломжамц, “Уурхайчин залуу” алтан медалиар засал чимэглэлч Г.Энх-Уянга нарыг шагналаа.















