Эрдэнэтийн анхдагч, Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргааны анхны Ерөнхий нягтлан бодогч, Эрдэнэт хотын “ХҮНДЭТ ИРГЭН”, Шаравжамцын БЭЭЖИНХҮҮ

1974 оны 11-р сард Эрдэнэтийн Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргаа \МАНЗ\-ны Ерөнхий нягтлан бодогчоор ирж ажиллаж, тус байгууллагыг 1991 онд татан буугдах хүртэл тасралтгүй хөдөлмөрлөсөн юм.

Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 330 дугаар тогтоолоор Зөвлөлтийн “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын дэргэдэх “Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргаа” анх үүсэн байгуулагдсан юм. Ийнхүү Эрдэнэтийн ууган том байгууллагын анхны ажилтнаар томилогдон ирж ажилласандаа талархаж байж билээ. Намайг ирэхэд Эрдэнэтийн илгээлтийн эздийн түрүүч нь ирээд ажиллаж байсан. Байр сууц ховор, илгээлтийн эздэд зориулан барьсан нэг давхар хэдэн барилга Тосгонд байдаг сан. Бас хашаагүй хэдэн гэр тэртээх дэнжид харагдана.

Тэр үед Булган аймгийн Эрдэнэт хороо гэсэн засаг захиргааны нэгжтэй байсан. Эрдэнэт хорооны даргаар Булган аймгаас Чойндон гуай томилогдон ирж ажилласан. Энэ үеийн хамгийн том байгууллага нь МАНЗ байв. Эрдэнэт хорооны анхны нам, захиргаа, Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны ажилтнууд, Прокурор, Шүүх гээд олон байгууллага Тосгоны нэг давхар байшинд хамтдаа байрлан ажилладаг байлаа.

МАНЗ анх 19 хүний орон тоотой байгуулагдсан. МАНЗ-ны анхны дарга Н.Лхагва, орлогч дарга Д.Амар, Ерөнхий инженер Д.Чулуунбат, орчуулагч н.Бадамжав, Боловсон хүчний хэлтсийн дарга В.Шагдар, байцаагч н.Нарангэрэл, Ерөнхий нягтлан бодогч Ш.Бээжинхүү, тооцооны нягтлан бодогч Казыза \Баян-Өлгий аймгаас ирсэн\, Кассын нярав Бадарч, Аж ахуйн нярав Сагар гээд олон хүн ажиллаж эхэлсэн юм.

Манай байгууллага анх 4 машинтай байлаа. Ачааны ГАЗ-53 машиныг Наран жолооддог, УАЗ-451 машиныг Д.Болд, даргын УАЗ-469 машиныг Чулуунбат нар барьдаг байлаа.

Тэр үед МАНЗ-д барилгачин, тээвэрчин голдуу ажилчид харьяалагдана. МХЗЭ-ийн илгээлт болон зохион байгуулалттай элсэлтээр Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад гар бие оролцохоор ирсэн залуучууд голдуу манай байгууллагад ажиллана. Тэднийг ирэхэд Нийтийн байранд л байрлуулна. Байрууд нь коминдат, орчуулагч, хүмүүжүүлэгч, захиралтай байсан. Байрын коминдат Валентина Николаявна Прокопенкотой контрактын хөрөнгийн тооцоо хийж хамтран ажилладаг байлаа. Илгээлтийн байрны орчуулагч, зохион байгуулагчаар П.Цэцгээ ажиллаж байсан.

Нягтлан бодогч бид Зөвлөлтийн “Медьмолибденстрой” барилгын удирдах газрын Ерөнхий нягтлан бодогч Д.Я.Силовтай хамтран 16 удирдах газар, мөн Орон сууцны удирдах газрын тооцоо нийлнэ. Тухайлбал, барилга угсралтын СУ-1, СУ-2, СУ-3, СУ-4, СУ-5 контор болон Багануур, Бор-Өндөр, Хөтөл, Улаанбаатар хотын харьяа байгууллагуудын тайлан тооцоог гаргана. Мөн Цахилгаан, сантехникийн удирдах газар, Засал чимэглэлийн удирдах газар \СУОР\ гээд нийт 16 удирдах газар Эрдэнэтэд байсан. Энэ удирдах газар бүрт орчуулагч-зохион байгуулагч ажиллана. МАНЗ 1991 он хүртэл хугацаанд нийт 1600-аад ажиллагсадтай болсон байв.

Эрдэнэт хот болоогүй, Булган аймгийн Эрдэнэт хороо гэсэн статустай байхад бид сар, улирал, жилийн тайлан тооцоо нийлэх гэж дандаа Булган аймаг руу явна. Булган-Эрдэнэт хооронд 65 км газрын 32 нугачааг даван туулаад бараг 5 цаг явна. Өнөөдрийнх шиг засмал зам байгаагүй учраас хөдөөний замын энхэл донхлыг жинхэнээр нь туулсан даа бид. Булганд очоод цалин хөлсний баримт материалаа банк, санхүү, статистикийн байгууллагаар хянуулна. Бэлэн мөнгө авч ирдэг учраас хажуудаа заавал цагдан сэргийлэхийн ажилтантай явна. Эрдэнэт хот болсны дараа Тооцооны касс байгуулагдаж даргаар нь Бат-Очир гуай ажиллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн хол газар бэлэн мөнгөтэй явахаа больсон. 1975 онд Банк нээгдэхэд даргаар нь Шагдар гуай ажиллаж эхэлсэн юм. Энэ үеэс л ажилчдынхаа цалин хөлсийг ямар ч хүндрэлгүйгээр авдаг болсон.

Эрдэнэтийг бүтээн байгуулагчид анх өдөр шөнийн 4 ээлжээр ажиллаж, маш хүнд хөдөлмөр эрхэлдэг байсан болохоор бид цалин урамшууллыг цаг хугацаанд нь олгохыг маш их чухалчилдаг байв. Ялангуяа Эрдэнэт үйлдвэрийн нүсэр том барилга байгууламжийг барьж байгуулахын тулд Монгол, Орос ажилчдын дунд “Найрамдал-Дружба” экипаж, “Гавшгай бригад”, “Интернационал бригадууд” ажиллаж, мөн удирдах газрууд ажил мэргэжлийн уралдаан өрнүүлж шалгаруулна, социалист уралдааны зардал ч нэлээн гарна. Ажилчин, албан хаагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг Үйлдвэрчний байгууллагад төлдөг, орон нутгийн төсвийн орлогын татвар хураамжийг хуулийн хугацаанд оруулдаг, эдгээрийн төлөө Булган аймаг руу байнга явдаг ийм л байгууллага байсан даа манайх.

МАНЗ Эрдэнэтийн бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг тоолж баршгүй. Эрдэнэт хотын 1-5 дугаар бичил хорооллын орон сууцны бүх барилга, эмнэлэг, соёл, спорт, сургууль, цэцэрлэгийн бүх барилга байгууламж, Эрдэнэт үйлдвэрийн барилга байгууламжуудыг бүтээн босгоход манай МАНЗ-ны ажилчид хүч хөдөлмөр, барилгын төрөл бүрийн мэргэжлийн ур чадвараа гарган ажилласан гэж бодохоор бахархалтай санагддаг юм. Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оруулсан анхны тээвэрчдийн хувь нэмрийг ч мартах аргагүй.

Булганы Эрдэнэт хороо байх үед цэцэрлэг нь гэрт, төрөх газар байхгүй учраас эмэгтэйчүүд Булган аймагт очиж хүүхдээ төрүүлдэг байсан. Сүүлд нь Эрдэнэтэд вагончикт эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлдэг болсон юм. Би 1974 онд 1-2 насны хоёр хүүхэдтэй Эрдэнэтэд ирсэн бол 1977 онд хоёр ихэр хүүхэд, 1984 онд нэг охин төрүүлж нийт 5 хүүхдийн ээж болж энэ сайхан хотдоо амар тайван амьдарсаар өдий хүрч байна.

МАНЗ 1991 онд татан буугдахад нийт ажиллагсад гэнэт халагдсаны тэтгэмж 100 гаруй төгрөг аваад л гарцгаасан. Түүнээс хойш МАНЗ-ны ажиллагсад харьяалах байгууллагагүй болж, нийгмийн олон асуудал нь орхигдож тун хүнд байдалд орсон. Тэд одоо өндөр настнууд болж, зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсээр... Тэдний эрх ашгийг хамгаалахын тулд 1999 онд МАНЗ-ны барилгачин, тээвэрчдийн Сангидансран даргатай “Баатар” холбоо байгуулагдаж ТББ-ын статустай ажиллаж эхэлсэн юм. Өнөөдрийг хүртэл тус холбоог 5-6 хүн солигдон удирдаж, анхдагчдынхаа эрх ашгийг хамгаалан ажилласаар байна. Харин МАНЗ-ны 127 анхдагчдад Эрдэнэт үйлдвэр улирал бүр 100 мянга, жилд 400 мянган төгрөг өгдөг болсон. “Чамлахаар чанга атга” гэдэг шиг МАНЗ-ны хэдэн анхдагч өнөөдөр бор уулын буянаас ийнхүү хүртэж байгаа нь сайн хэрэг.

Эрдэнэт хотын бүтээн байгуулалтад олон жил гар бие оролцон маш идэвхтэй хөдөлмөрлөж, Эрдэнэт хот, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулсан Эрдэнэтийн анхдагч барилгачид, тээвэрчид, Эрдэнэтийн анхны байгууллагуудын шан татсан бүх хүн түүхэн 50 жилийн ойн баяраа сэтгэл хөөрөн угтаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Түүхэн 50 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж буй энэ хотод би 52 дахь жилдээ амьдарч байна. Эрдэнэтийн 50 жилийн ойн баярыг тохиолдуулан хотынхоо нийт иргэдэд баярын мэнд хүргэж, хагас зууны түүх туулсан Монгол түмний бахархалт сайхан хотдоо хотол олноороо сэтгэл тэнүүн амьдарч, урт насалж удаан жаргахын ерөөл өргөе

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал
Б.БАЯНБАТ: Усны дахин ашиглалтыг нэмэгдүүлж, байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулахыг зорьж байна
Т.Түмэн-Өлзий: Намар, өвлийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу 27 бүтцийн нэгж нийт 295 ажил хийж хэрэгжүүлнэ
Т.Батмөнх: Эрдэнэт үйлдвэрийн нас уртсахын хэрээр Эрдэнэт хотын ирээдүй тодорхойлогдоно
Д.Баярбат: Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд энэ онд 31.2 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэнэ

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %