Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлдэг “Багш-Шавь” хөтөлбөрийн 2026 оны нээлт, Багш–Шавийн гэрээ байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагааны эхэнд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, Эрдэнэт үйлдвэрт шинээр ажилд орж, “Багш-Шавь” хөтөлбөрт хамрагдаж буй ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсэхийн зэрэгцээ хөтөлбөрийн онцлог, үр дүнгийн талаар тодотгов.
Өнөөдрөөс эхлэн гурван сарын турш үргэлжлэн, үр дүнгээ тодорхойлох энэ оны “Багш-Шавь” хөтөлбөрт нийт 14 ажилтан хамрагдаж, багш, шавийн хамтын ажиллагаа хэрэгжинэ. Энэ удаагийн хөтөлбөрт Ган бөөрөнцгийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Гэрэл, Бичиг хэргийн ажилтан Б.Үүртуяа, ДЦС-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Хонгорзул, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалтын албаны Бичиг хэргийн ажилтан Б.Цэрэнпагма, Төрөлжсөн архивын Цахим сангийн архивч Б.Ууганбат, Архивч, хавтаслагч Э.Энхтуяа, Архивч, сэлбэн засагч М.Амаржаргал нарын шинэ ажилтнууд, шавиар суралцах бол, Ус хангамжийн цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайван, ДЦС-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Э.Цагаанхүү, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Дотоод зохион байгуулалтын албаны Албан хэрэг хөтлөлтийн тэргүүлэх мэргэжилтэн Ө.Цэрэнханд, Цахилгаан цехийн нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан Б.Энхмаа, Төрөлжсөн архивын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч М.Энхцэцэг, Мэдээллийн систем хариуцсан мэргэжилтэн Д.Идэрбаяр, Архивч Ө.Сэргэлэнчимэг нар багшийн эрдэмд шавь нараа хөтлөх юм.
Хүний нөөц, захиргааны хэлтэс 2021 оноос “Багш-Шавь” хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй тус хөтөлбөр Хүний нөөцийн хөгжлийн “Залгамж” хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь юм. Жилээс жилд цар хүрээгээ тэлж, оролцогчдын идэвх санаачилга, хандлага дээшилж буй тус хөтөлбөрийн үр өгөөжийг мэдлэг туршлагаа өвлүүлж, шинэ ажилтнуудын ур чадвар, дадлагад нь хувь нэмрээ оруулъя гэсэн багш нарын чин хүсэл зорилгоос харж болно гэдгийг энэ үеэр Хүний нөөцийн албаны дарга Д.Одгарьд онцолсон.
Хөтөлбөрийн оролцогч шинэ ажилтнууд өөрсдийн зорилго, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулж, Багш-Шавийн гэрээ байгуулсны дараа Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Р.Баярсайхан, багш, шавь нарт хамтын ажлын төлөвлөгөө боловсруулах, батлуулж хэрэгжүүлэх, тайлагнах талаар мэргэжлийн чиглэл, зөвлөмж өглөө.
Мөн энэ үеэр Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, албаны дарга Д.Одгарьд нар хөтөлбөрийн оролцогчдод шинэ ажилтны багц, дурсгалын зүйл гардуулж, Эрдэнэт үйлдвэрийн үнэ цэнтэй ажилтан болох их аялалд нь өндөр амжилт хүсэн ерөөв.















