1974 оны 8-р сарын дундуур Улаанбаатар хотод Эвлэлийн төв хороон дээр илгээлтээр явах залуусыг бүртгэж байгааг дуулаад, очиж бүртгүүлсэн юм. Эхний ээлжинд явах 50 гаруй хүний бүрэлдэхүүнд багтаж, тэр үед эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Пүрэвдорж даргын гарын үсэгтэй эвлэлийн илгээлт өвөртлөн шинэ хот Эрдэнэтийг бүтээн босгохоор ирж байлаа. Биднийг Залуучууд театрын үүднээс зохиолч Ц.Гайтав гуай, Хөдөлмөрийн баатар Д.Шарав нарын хүмүүс зохиол, яруу найргийн дээжээсээ уншиж, сургаал сайхан үгсээрээ урам хайрлан үдэж байв. №1 дугаартай илгээлт авсан Ч.Дагва гэдэг залууд хөдөлмөрийн багаж зэвсэг, түлхүүр гардуулж байсныг тодхон санаж байна. Ингэж бидний хэсэг залуучууд намрын нэгэн их бороотой өдөр, ГАЗ-53 машин хөлөглөн Эрдэнэтийн-Овоог зорьж байв. Замдаа Дархан хотод түр саатан үеийн залуучуудтай уулзалт хийн, тэдний ажлын туршлагаас багагүй зүйлийг сонсож аваад, цааш аяны замаа үргэлжлүүлж билээ.
Биднийг ирэхэд илгээлтийн эздийг хүлээн авах таван байр баригдсан байсан. Тэнд төмөр гурван ортой өрөөнүүдийг хариуцан ажиллах, сайхан ааштай нэг орос эмэгтэй биднийг угтан авч байлаа. Тэр үед ердөө л үйлдвэрлэлийн бааз буюу бидний нэрлэж заншсанаар промбааз, Говилын цэргийн анги, түүний дэргэд дутуу барьсан 2 давхар эмнэлгийн байшин л байсан. Бидний дунд мэргэжилтэй хүн ховор байсан учраас тэр үед ажиллаж байсан оросын ганц нэг мэргэжилтнүүд бидэн дээр ирж, бараг л өндөр нам, гадаад төрхөөр нь тохирох ажилд хуваарилж байв. Миний хувьд орос хэл бараг мэдэхгүй, гэхдээ бас тракторчин юм уу экскаваторчин болчих санаатай “да, да, трактор” гэж хэлээд л нэг орос мэргэжилтнийг дагаж явсан. Ингэж л Эрдэнэт хотоо барьж байгуулалцах их хөдөлмөрийн, их амьдралын минь замнал эхэлж байсан даа. Ажиллахаар очсон хэсэг маань “Хүнд механизмын удирдах газар” гэж, одоо миний ажиллаж байгаа Тусгай зориулалтын автомашины гарааш, хэдэн вагончик зэрэгцүүлээд тавьчихсан, тэнд өндөр краны монтажчин гэсэн ажил дээр хуваарилагдаж байлаа. Энэ нь краныг буулгах, замыг нь тавьж өгөх ажлыг хариуцна гэсэн үг, тэгээд хажуугаар нь том бүдүүн төмөр замын хадаасаар дэр модыг нь хадах зэрэг ажил хийдэг байв. Тэгээд гурван сарын дараа Эрдэнэтийн 1-р хорооллыг барьж байгуулах ажилд оролцож, дөнгөж суурийг нь тавьсны дараа нэг их ажил хийсэн хүмүүс шиг урамшиж байснаа мартдаггүй юм.
Тэр үед бас аймгуудаас илгээлтээр олон залуучууд ирж, оросууд болон манай цэргүүдтэй хамт ажиллаж байлаа. Голдуу гадаа шахуу ажиллана, орос монгол гэхгүй бүгд ижил хар өнгийн ажлын хувцастай, оросууд бидний нэрийг хэлж чадахгүй болохоор орос нэр их өгнө. Намайг Дима гэж дууддаг, яваандаа Димка гэж нэршсэн дээ. Өдрөөс өдөрт өргөжих Эрдэнэт хотынхоо түүхийг газар газраас ирсэн залуучууд мэргэжил эзэмших, ажил хөдөлмөрт шамдан, өөрсдийн ажил амьдралын түүхтэй хамт бичилцэж байлаа. Тэр цагийн Зөвлөлт орны 14 бүгд найрамдах улсаас ирсэн орос ах нар ч бидэнтэй адилхан, тосгонд байрлах 40-өөд вагончикт амьдардаг байв. Өнөөгийн Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эхэн үе ийм дүр зурагтай байлаа. Мөн тэр үед илгээлтээр ирсэн залуусаа дэмжих, ажлын ололт амжилт, арга туршлагыг ард олондоо бахдан таниулахад төр засаг их анхаардаг байсан. МХЗЭ их хүчтэй, идэвхтэй ажилладаг, залуучууд бид ажил хөдөлмөртөө манлайлан, бусдадаа үлгэр жишээ байж, эвлэлийн гишүүнээр хурдан элсэхийг эрмэлздэг байв. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав гэж, нүдэнд дулаахан хүн байлаа. Монгол эх орны маань хоёр дахь том хот Эрдэнэт хотыг барьж байгуулахад оролцож, энд л ажил амьдралаа цогцлоож сайн сайхан амьдарч явна. Тиймээс намайг Эрдэнэт рүү хөтлөх гүүр болсон эвлэлийн байгууллагадаа баярлаж, Эрдэнэт хотын анхдагчдын нэг болсон маань энэ насны минь бахархал юм.















