НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын “Газрын өдөр”-ийн хүрээнд Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажил, бүтээн байгуулалт, тэдгээрийн үр өгөөж, уул уурхайн нөхөн сэргээлтийн ололт, инновац шингэсэн шинэ технологио танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй ажлууд нь мод тарих тоон зорилтоор хязгаарлагдахгүй, ойн генетик нөөц, хөрс, тарьц суулгацын үйлдвэрлэл, ойжуулалт, нөхөн сэргээлтийг шинжлэх ухаан, технологийн үндэслэлтэйгээр цогцоор нь шийдвэрлэхэд чиглэж байгаа юм.
“СОР17”-ын завсарлагаар Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамбатай уулзаж, ойн мэргэжилтнүүд “сайн туршлага” хэмээн үнэлсэн үйл ажиллагааных нь талаар цөөн хором ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 100 сая мод тарих амлалт авсан. Энэ зорилтын хүрээнд ямар ажлууд хийж, өнөөдөр ямар үр дүнд хүрээд байна?
-Эрдэнэт үйлдвэр 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 100 сая мод тарих батламжаа гардсан. Үүний дараа 2022 оны тавдугаар сард “100 сая мод хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжилтийг зохион байгуулах Ногоон хөгжлийн төслийн нэгжийг байгуулсан юм. Бид 100 сая мод тарих үндсэн зорилтын зэрэгцээ мод үржүүлэг, ойжуулалт, нөхөн сэргээлтийн суурь чадавхыг бий болгох гурван том бүтээн байгуулалт хийж байгаа. Эхнийх нь, Монгол Улсад анх удаа байгуулсан Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв. Дараагийнх нь, хөрсний инновац, технологийн “Эрдэнэт” төв. Мөн Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолбор. Хөрсний инновац, технологийн төвийн үйл ажиллагаа энэ оноос жигдэрч, мод үржүүлэг, ойжуулалтад шаардлагатай хөрсний судалгаа, технологийн шийдлийг бий болгоход анхаарч ажиллаж байна. Харин Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтын ажил 2025 онд эхэлсэн. Одоогоор хамгаалалтын зурвас байгуулж, ойжуулалтын талбайд усалгааны систем бүрэн суурилуулсан. Мөн долоон худаг гаргаж, хашаа хамгаалалтын ажлыг үндсэндээ дуусгасан. Энэ онд мод үржүүлгийн цогцолборт нийлэг хальсан 20 хүлэмжийг ашиглалтад хүлээн авлаа. Үүнээс 13 хүлэмжид модлог ургамлыг үр болон мөчрөөр үржүүлэх ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн оны ургамал ургалтын хугацаанд ил талбайд 1.1 га-д тарилт хийсэн бол энэ онд гурван га талбайд үржүүлгийн ажлыг өргөжүүлсэн. Ингэснээр нийт 4.1 га талбайд 900 орчим мянган модлог ургамлыг үр болон мөчрөөр үржүүлж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж буй ажлын нэг онцлог нь шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа явдал. Энэ хамтын ажиллагаа ямар үр дүнд хүрч байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран, олон ажил хэрэгжүүлсэн. Энэ онд Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн Үрийн лаборатори, Биотехнологийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хийж, лабораториудын үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран модлог ургамлын үрийг үржүүлэх, тэр дундаа нэн ховор ургамлыг эдийн өсгөврийн аргаар үржүүлэх судалгаа, туршилтыг үргэлжлүүлнэ. Ингэснээр бид зөвхөн модны тоог нэмэгдүүлэх бус, Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон модлог ургамлын генетик нөөцийг хамгаалах, үржүүлэх, тарьц суулгацын чанарыг сайжруулах шинжлэх ухааны суурийг бүрдүүлж байгаа юм.
-Шинэ Хархорум хотын ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажилд Эрдэнэт үйлдвэр хэрхэн оролцож байгаа вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Шинэ Хархорум хот байгуулах ажилд Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн оноос мод тарих ажлаар оролцож байгаа. Бид 100 сая мод тарих зорилтын хүрээнд Шинэ Хархорум хотын ногоон байгууламж болон хамгаалалтын зурваст нийт 150 мянган мод тарих үүрэг хүлээсэн. Өнгөрсөн онд 88 мянган мод тарьсан. Мөн Хангал голын дагуу өөрсдийн үржүүлсэн модноос шилжүүлэн суулгах замаар хамгаалалтын зурвас байгуулсан. Харин манай өөрийн нөөцөд байхгүй шилмүүст төрлийн 45 мянган модны хэрэгцээг хангах зорилгоор тендерийн сонгон шалгаруулалт зарласан. Одоогоор Эрдэнэт үйлдвэр Шинэ Хархорум хотод төлөвлөсөн 150 мянган модноос 142 мянгыг тариад, арчилгаа, усалгааг тогтмол хийгээд ажиллаж байна.
-“СОР17”-ын “Газрын өдөр”-т Эрдэнэт үйлдвэрийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийсэн ажлыг сайн туршлагаар танилцуулж байна. Танай ажлын гол онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Бидний хувьд “Тэрбум мод” хөдөлгөөнийг зөвхөн мод тарих ажил гэж хардаггүй. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэхийн тулд тухайн газрын онцлогт тохирсон мод, ургамлыг сонгохоос эхлээд үрийн нөөц бүрдүүлэх, хөрсөө бэлтгэх, тарьц суулгацаа өөрсдөө бойжуулах, ойжуулах, арчлах, нөхөн сэргээх хүртэлх бүх үйл явцыг шинжлэх ухаан, технологийн үндэслэлтэйгээр шийдэх шаардлагатай. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн хувьд мод тарихын зэрэгцээ ойн генетик нөөц, хөрс, мод үржүүлгийн чиглэлээр цогц бүтээн байгуулалт хийж байгаа нь бидний гол онцлог. Эдгээр бүтээн байгуулалт, технологийн шийдэл нь Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй Монгол Улсад газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх суурь чадавхыг бий болгоно.















