Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг тавдугаар сарын 6-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 2290 ажилтан хамрагдаад байна.
Энэ удаагийн үзлэгийг өмнөх жилүүдээс өргөжүүлж, нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний 12 багцаас гадна Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд хөдөлмөрлөдөг ажилтнуудын, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлэх, оношлох зорилгоор зургаан багц нэмэлтээр боловсруулан хэрэгжүүлж байна.
“Эрдэнэт” сувиллын цогцолбороос урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээний хариуд үндэслэн, эрүүл мэндийн хувьд онцгой анхаарал шаардлагатай 85 ажилтны мэдээллийг цехийн эмч нарт хүргүүлжээ. Мөн тэдгээр ажилтанд яаралтай нэмэлт шинжилгээнд хамрагдах, нарийн мэргэжлийн эмчид үзүүлэн, шаардлагатай эмчилгээ хийлгэх талаар зөвлөгөө өгч байна.
Оны эхний хагас жилийн хугацаанд “Эрдэнэт” сувиллын цогцолбор нийт 1327 сувилуулагчийг 9421 ор хоногоор хүлээн авч, сэргээн засах эмчилгээ, үйлчилгээгээ 46 нэр төрлөөр нийт 37,213 удаа үзүүлжээ.
Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний дагуу үйлдвэрээс гавьяаны амралтад гарсан 476 ахмад жилд нэг удаа 100 хувийн хөнгөлөлттэйгөөр “Эрдэнэт” сувиллын сэргээн засах тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна.
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын дунд хоол боловсруулах эрхтний өвчлөл, дотоод шүүрэл болон бодисын солилцооны эмгэг, мөн зүрх судасны тогтолцооны өвчлөл зонхилох хувийг эзэлж байгааг оны эхний хагас жилийн тайланд дурджээ.















