Эрдэнэт хот гүн нойрондоо умбаж байхад Ил уурхайн карьер өдөр мэт гэрэлтэй. Уулын эзэн экскаватор дороо эргэлдэн, тэнхээт хүлгүүд эрдэнэс тээвэрлэн уухилан цуварна. Ийм л ажил буцалсан, од түгсэн намуухан, заримдаа цас, бороо хаялсан сэрүүхэн шөнө П.Пүрэвдорж ээлжинд гарах дуртай. Ашиглалтын гоо зүйгээрээ дэлхийд тэргүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн гүнд 31 жил экскаваторын машинчаар ажилласан Пүрэвнямын Пүрэвдоржтой уулзахад тэр ийн ярьсан юм.
1971 оны намар Завхан аймгийн Тэлмэн сумын “Нуур” бригадын дарга Н.Пүрэвням хоёр дахь хүүдээ өөрийнхөө нэрийг оролцуулан, ахынх нь нэртэй нийлүүлэн Пүрэвдорж хэмээх нэр хайрласан нь өнөө цагийн Тэргүүний уурхайчин, Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Шилдгийн шилдэг ажилтан болжээ.
Тэрээр 10-н жилийн сурагч байхдаа “алтан гурав”-ын эзэн, тун сахилгагүй хүүхэд байж. Гэрийнхээ түлээ, усыг шалавхан бэлдчихээд тэшүүрээр гулгахыг л хүснэ. Сумын спортын наадамд дэд байр эзэлснийг хэлэх үү, бүсийн тэмцээнд оролцох эрх авсныг ч хэлэх үү, гэрт орохгүй бэлтгэл хийхээс биш хичээл давтах тухай бодож явсангүй гээд одоо инээж сууна. Тухайн үед “Би чамд хайртай” кинон дээр сахилгагүй хүүхдийг ТМС-д явуулдаг жишгээр П.Пүрэвдорж ч Налайхын ТМС-ийн экскаваторын машинчийн ангид элсэн суралцсан. Хөдөө буйд өссөн хүүхдэд экскаватор гэдэг нэр л их сонирхолтой, өвөрмөц санагдсан гэдэг. Хүн нутгаасаа гарахаараа аавынхаа, цаашлаад нутгийнхаа нэрийг муугаар гаргачихгүй юмсан гэж их хичээдэг юм билээ гэж тэр ярьсан. Үнэндээ өнөөдрийн даруу төлөв, нягт нямбай Пүүжээг сургуульдаа нэртэй сахилгагүй хүүхэд байсан гэдэгт итгэхэд бэрх. Тэрээр Шарын голын нүүрсний уурхайд дадлага хийж байхдаа анх экскаваторын бүхээгт сууж үзжээ. Зургаан мөч зэрэг хөдөлж ажилладаг, өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг мэргэжилдээ тэгэхэд дурласан. Шарын голын уурхай П.Пүрэвдоржийг сургуулиа төгсөөд манайд ирж ажиллаарай гэж урьсан нь хэн болохыг нь эрт таньсан үнэлгээ байв. Тэрээр хүсэлтийг хүлээн авч Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцуудыг нүүрсээр тэжээдэг ил уурхайн экскаваторчнаар гурван жил ажиллажээ. Дундуур нь ардын армид цэргийн алба хааж, Тэлмэн суманд нэг хашаанд айлсан амьдарч байсан, зэргэлдээ ангийн охиныг гэргий болгон авч амжсан сүйхээтэй эр.
1995 оны хавар. П.Пүрэвдорж хайртай бүсгүйнхээ хуваарилагдсан газар болох Эрдэнэт хотод үеэл ахынхаа дуудлагаар иржээ. Түүний үеэл ах Ж.Сумъяа гэж Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн экскаваторын бас л домог машинч байлаа. Ахынхаа итгэлийг алдахгүй гэсэн сэтгэл нь хариуцлага болон төлөвшиж, ур чадвар болон чанаржиж, хайр халамж болон хамт олонд нь ирсэн.

П.Пүрэвдорж хамгийн сүүлийн үеийн LIEBHERR 9350Е маркийн экскаватораар сүүлийн таван жилд дунджаар есөн сая 200 мянга гаруй м3 уулын цул ачиж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөт даалгаврыг тогтмол 100 давсан хувиар биелүүлж ажиллажээ. Тодруулбал, 2022 онд 1 тэрбум 439 сая, 2023 онд 100 сая, 2024 онд 585 сая, 2025 онд 2 тэрбум 736 сая төгрөгийн өртөг бүхий уулын цул илүү ачсан байна. Тэрээр энэ хугацаанд БелАЗ-75131 маркийн 130 тонны даацтай өөрөө буулгагчаар найман цагийн ээлжинд 177 рейс буюу 8673 м3 уулын цул ачиж, Эрдэнэт үйлдвэрийн түүхэнд дээд амжилт тогтоосон анхны машинист юм. Өнгөрсөн жил үйлдвэрийн төлөвлөгөөт даалгаврыг давуулан биелүүлэхээс гадна уурхайн төвийн ордын 1415 м, 1400 м, 1385м–ийн түвшний ахилт, ажлын бус хажуу үүсгэх, тээврийн зайг багасгахад чиглэсэн зам, траншей нэвтрэх зэрэг уулын технологийн нарийн чухал ажлыг өөрийн бригад хамт олныг манлайлан чанартай гүйцэтгэжээ.
Уулын тэнхээт хүлгийг өөрийн дохиогоор оруулж, хүдрээ тэгшхэн ачиж гаргачхаад араас нь харах сайхан гэж ярих энэ эрхэм амьдралынхаа ихэнх цаг хугацааг уулын гүнд, экскаваторын кабинд өнгөрөөсөн уурхайчин. Эрдэнэт хотын хөгжлийг 31 жил алсаас тольдож, гэрлээр хэмжсэн иргэн. Өөр мэргэжлийн бидэнд дэндүү уйтгартай, тэсвэрлэшгүй мэт санагдах ч түүний хувьд дэндүү гайхалтай, сэтгэл татам хөдөлмөр. Тэр тусмаа өвөл хөлдүүстэй мөргөцөгт ажиллах нь адал явдалт кино мэт гэх. Өндөр мөргөцгийг нураах, няцлах, дийлэхгүйг нь эвтэйхэн өргөж, тэгш хэмийг нь тааруулж ачих, нэгэн зэрэг нурж ирэх хүдрийг амжиж тосож авахад мэргэжлийн торгон мэдрэмж, ур чадвар, тооцоо сүйхээ, эвсэл хурд хэрэгтэй. Анхаарал алдаж, дутуу хөдлөх л юм бол уулын аварга техникүүдийн аль нэг нь эвдэрнэ. Хохирол төлбөр гарна, засахад цаг хугацаа алдана, үйлдвэрлэлийн тасралтгүй найдвартай ажиллагаа доголдоно. Тэр хэрээр хамт олны бүтээмж буурна. Хөдөлмөрийн аварга алдаа гаргаж байсан удаагүй. Тиймдээ ч Шилдгийн шилдэг ажилтнаар дахин шалгарсан биз.
Өглөө нар уурхайн мөргөцөгт тусахад тэр бүхээгээсээ буудаг. Шөнөжин ажилласан экскаватор шинэ ээлжээ угтаж, уулын ажил үргэлжилсээр үлдэнэ. Яг л Улсын эдийн засгийн гол судас тасралтгүй цохилсоор байдаг шиг…
















