Нэг ч өдөр холдоогүй, тасраагүй 30 гаруй жилийн ажил амьдралаа зориулах хамгийн том хүч, уулын үйлдвэрээрээ бахархах сэтгэл минь байсан юм уу даа, эргээд харахад. Засварчнаас мастер, хэсгийн дарга, ерөнхий инженер хүртэл доороос нь өгсөж ирсэн он жилүүд бүхэлдээ бахархал, бахдалаар дүүрэн байж. Мөр зэрэгцэн ажиллах хүдэр боргил эрчүүдийн хүсэл мөрөөдөл, хүчит техник хөтлөх хамаг л нарийн ширийн эрдмээ харамгүй зааж үлдээсэн Орос нөхдүүд. Энд уяатай, хагас жарныг элээх шалтгаан энэ...
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн Ерөнхий инженер Д.Цолмон, эдүгээ ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн “унаган” байгууллагынхаа ахмад нь, арвин дадлага туршлагатай нь, амжилт ололтын чиглүүлэгч нь болжээ. Түүний Эрдэнэтийн хүн болсон түүх бусдын л ижил, эгэл дурсамжтай. 1988 оны намар тухайн үеийн нэршлээр Политехникийн дээд сургуульд элсэн, суралцаж, автын инженер мэргэжлээр төгсчээ. Тавдугаар курсэд суралцаж байсан өвлийн нэг өдөр. Декан дуудаж, Эрдэнэтээс Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Тогооч ирсэн, төгсөх ангийн оюутнуудтай уулзана гэдгийг дуулгав. Нэг их юм бодсонгүй, яваад очлоо, ярилцлагад ч орлоо. Хүний нөөцийн дарга, “Эрдэнэт үйлдвэр хүнд даацын авто машинуудаа шинэчилж байгаа, энд ажиллах хүний нөөц, мэргэжилтнүүдээ бүрдүүлж байна. Чиний хувьд тавигдах шаардлагыг хангаж байгаа учраас Эрдэнэт үйлдвэрт ажиллах уу” гэснээр Д.Цолмон инженерийн хувь заяа тодорхойлогдов. Ингээд төгсөх сүүлийн хагас жилдээ үйлдвэрийн нэр дээр суралцаж, сар бүр 2000 төгрөгийн степенд авдаг оюутан болсон тэр л үеэс “Эрдэнэт үйлдвэрийн” хэмээх зам нь нээгдсэн юм. Сургуулиа төгсөөд, шинэхэн дипломоо сугавчилсан “будаг нь ханхалсан” автын инженер Технологийн тээврийн грашт 3-р зэргийн засварчнаар ирж байлаа. Он жилүүд урсан, олон үйл явдал, онцгой даалгаврууд ар араасаа хөвөрч, ажил мэргэжил дээрээ жилээс жилд өсөж, туршлагажсан цаг хугацаа, үнэн түүх эндээс эхтэй.
Зарчим, бас дахин зарчим. Хором мөч бүр огтхон ч хоцрохгүй, зөрөхгүй, өндрөөс өндөр сахилга хариуцлага шаарддаг уулын үйлдвэрт энэ чанар “агаар, ус” мэт чухал. Эх захтай, хэлсэндээ хүрдэг, бодлого шийдвэр, үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг хүн л уул уурхай, тэр тусмаа уулын хүнд даацын техникүүдийн “учрыг олж”, уурхайчдын аюулгүй ажиллагааг нямбай хянаж чадна. Эхнээс нь ажилдаа, хандлагадаа зарчмаа тодорхойлоод явчихад хэн хэндээ амар, төвөггүй ажил урагшилдаг. Эрчүүд голдуу ажилладаг манай цехэд ийм арга барил, харилцаа ойлголцол гол давуу тал болдог. Д.Цолмон инженер баримталдаг зарчмаа ийнхүү ярилаа.
Манай Ерөнхий инженер ажил дээрээ ааширхуу, өндөр шаардлагатай. Гэхдээ буулт нь зөөлөн хүн. Гол онцлог нь өөрийн буруу гэж бодвол маш хурдан уучлал хүсдэг. Хэн ч байсан уучлал гуйж чаддаг нь дарга, ажилтны хоорондох харилцааг эерүү болгож, хүнд нөхцөлийг сайнаар эргүүлж, авч үлддэг ховорхон сайхан чанартай гэж түүний хамтран зүтгэгчид олонтаа дурссан. Түүний энэ мөрөөр олон залуус, уурхайчид хамтдаа алхаж, хөдөлмөрлөсөөр явна. Ажлын тухай ярихын тулд хамтрагчдаа, ажилтнуудаа ярих хэрэгтэй. Тэдэнгүйгээр би хэн ч биш гэж Д.Цолмон инженер, яг өнөөдөр уурхайн тээврийн ажлыг гардан хариуцаж буй нөхдөө нэрлэв. Үйлдвэр техникийн товчооны дарга Н.Ганболд, хэсгийн дарга Д.Алтанбаяр, Ганхуяг, Ганбат, инженер Цогт, Гантогоо, Болор-Эрдэнэ, Буянбаатар, эдийн засагч Батсайхан, Сумьяасүрэн гээд өөрийнх нь гар дээр ирж байсан дадлагажигч ажилчнаас өнөө цагийн “толгой” удирдлага, мэргэжилтнүүд болон өсөн дэвжиж яваа нь гар сэтгэл нийлэн ажилласан урт өдрүүд, урагшаа тэмүүлсэн зүтгэлийн үр шим буй за.
Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Анхдагчид, ахмадуудгүйгээр одоогийн бид, би гэж байх боломжгүй. Аварга, хүчит уулын тээврийн нүргээнтэй авто тээврийн цехийн ажил үйлс, амжилт бахархал, алдаа оноо, хүндрэл бэрхшээлүүдийн түүчээнд энэ цехийг удирдаж авч ирсэн үе үеийн удирдлагууд бий. Залгамж чанар, гурван үеийн нандин хэлхээсийг тасралтгүй өргөж, бэхжүүлж, үнэ цэнийг бүтээж буй энэ байгууллагын нэг хэсэг нь байх азтай хувь заяагаа Д.Цолмон инженер хүндэтгэлтэйгээр дурьдсан. Ахмадаас суралцсанаа өөрийнхөөрөө тордож, хамгийн сайн хувилбараар залуу үеийнхэндээ өвлүүлж өгөх бол юу юунаас хүндтэй эрхэм үүрэг. Цаг барих. Үүнийг л хамгийн түрүүнд, хоногийн 24 цаг тасралтгүй ажиллагаатай, үйлдвэрлэлийн технологид шууд оролцдог уул уурхайн үйлдвэрт ажиллагч бүгд эзэмшсэн байх ёстой. Хариуцлагатай байх, амжилт гаргах, үр өгөөжтэй байх бүх зүйл эндээс л эхэлнэ. Нөгөө нэг нь, ажилдаа хамгийн дээд зэргээр сэтгэлээ зориулах, бүр “дурлах”. Аргацаах, оромдох, сул зогсох бодлоор хандсан гүйцэтгэл уурхайчны ой тойнд хаана ч үлдэх ёсгүй. Амралт зугаалга, улсын наадам, цагаан сар тэр бүү хэл ар гэрт гарах асуудлууд, хүүхэд бүлээрэх, хөршүүд айлчлах гээд амьдралд юу эс тохиох. Ажлын цаг, ээлжийн хуваарь таарсан л бол тэр бүхэн хойш эрэмбэлэгдэж, тушаал авсан цэрэг мэт уурхайн бүсэд бэлэн байх. Онцгой ажил мэргэжил гэж энэ. Ийм үнэ цэнэтэй чанар, чадвар манай цехийн, Эрдэнэт үйлдвэрийн соёл болж ирсэн. Үүнийг би өмнөх үеийнхнээсээ өвлөж авсан, дараа үеийнхэндээ өвлүүлэн өгөхийг ажил амьдралынхаа утга учир болгож яваа. Хагас жарныг хүнд үйлдвэрийн горим ажиллагаагаар туулсан уулын тээврийн инженер хүний үг ийн.
Монголчуудын зуун дамнан бахархаж, хайрладаг Эрдэнэт үйлдвэр, эрдэнэс ундраагч уурхайчдын хамгийн хүчтэй төлөвшил бол тэдний сэтгэл зүрхэнд бат шингэсэн чин хөдөлмөрч, гүн итгэлт оршихуйн чанар юм. Тийм төлөвшилт мянга мянган уурхайчдын тод төлөөлөл Д.Цолмон инженер. Урсан одох цаг хугацаа, урагшлан дэвжих өөдөө урсгалын алинд нь ч тэр уулын үйлдвэртээ сэтгэл уяатай.
















