Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын босгон дээр Засвар, механикийн заводын хамт олон “Цэвэр буудал-Өнгөлөг хот” бүтээлч аяныг санаачлан хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хотын төвийн бүсийн нийтийн тээврийн автобусны 14 буудлыг стандартын шаардлагад нийцүүлэн сэргээн засварлаж, өнгө үзэмжийг нь шинэчилж эхэлжээ.
Тус хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд нийтийн тээврийн илүү цэвэр, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор буудлын сандал, мэдээллийн самбаруудыг угааж цэвэрлэх, сурталчилгааны наалтын үлдэгдэл бохирдлыг арилгах, орчны хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр автобусны буудлуудын өнгө үзэмж сайжирч, иргэдийн ая тухтай зорчих орчин бүрдэх юм.
Энэхүү аянд Засвар, механикийн заводын ажилтан бүр хандив өргөж, оролцож байгааг Хүний нөөцийн товчооны дарга Д.Баярмаа онцоллоо.
Засвар, механикийн заводын Сэлбэг хэрэгсэл бэлтгэх хэсгийн токарьчин Ч.УУГАН-ЭРДЭНЭ:
-Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Төрөлх хотынхоо 50 жилийн ойн тохижилтод гар бие оролцож байгаадаа туйлын баяртай байна. Манай хэсгийнхэн II, III бичил хорооллын ажилчид автобусандаа суудаг хамгийн том буудлыг сэргээн засварлаж, өнөөдөр гэрэлтүүлгээ суурилуулж байна. Энэ буудал 50 жилийн өмнө байгуулагдсан, анхны зогсоол учраас түүхийг хадгалах үүднээс шилэн хаалт зэрэг орчин үеийн шийдэл хийлгүйгээр, хуучин хэвээр нь сэргээн засварлаж байна. Эрдэнэт үйлдвэрийнхээ брэнд өнгийг гаргаж будсан. Мөн үйлдвэрийнхээ болон цехийнхээ логог байрлуулан тохижуулахаар зэхэж байна.















