Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвд энэ оны захиалгат хөрөнгө оруулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу эрчимтэй үргэлжилж байна. Агуулах, захиргааны байр, төмөр зам, дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, төлөвлөгөөт засвар үйлчилгээний ажлууд үе шаттайгаар хэрэгжиж байгааг тус төвийн Ерөнхий инженер Т.Пүрэвсүрэн мэдээллээ.
Тухайлбал, “Сэнгүүн” констракшн ХХК 1, 2 дугаар агуулах болон захиргааны байрны дээврийн их засварын ажлыг эхлүүлжээ. Эдгээр барилгын дээвэр 20 гаруй жилийн өмнө хамгийн сүүлд засварлагдсан бөгөөд ус нэвчиж, бараа материал, сэлбэг хэрэгсэл гэмтэх эрсдэл үүссэн учир дээврийг ийнхүү бүрэн шинэчилж байна. Үүний зэрэгцээ захиргааны дөрвөн давхар байрны дотор халаалтын систем, халуун, хүйтэн усны шугамыг шинэчлэн сольж байна.
Мөн “Мэргэн гүн хийморь” ХХК үерийн ус зайлуулах сувгийг шинэчлэн засварлах ажлыг хариуцаж байгаа бөгөөд гүйцэтгэл нь 50 хувьд хүрчээ. Харин “Ээлт Өлгий” компани Нефть баазын хэсгийн зам, талбайг бетондох ажлыг үндсэндээ дуусгаад байна.
Түүнчлэн депогийн их засварыг эхлүүлэх “Баялаг тамир” компанийн бригад өнөөдөр тус төвд ирсэн бол Дулааны цахилгаан станцын нүүрс буулгалтын 18 дугаар төмөр замын их засвар 60 хувийн гүйцэтгэлтэй явна.
Тээвэр, ложистикийн төвд хөрөнгө оруулалтаар 50 тоннын даацтай, орчин үеийн шинэ кран нийлүүлэгдсэн бөгөөд одоогоор II талбайд угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Уг краныг ирэх долоо хоногт ашиглалтад хүлээн авах юм.















