“Сэлэнгэ” амралтын бааз, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн багш, ажилтнууд амрагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гал түймэр, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт гал унтраах, аврах 58 дугаар анги болон Хялганатын Гал унтраах 50 дугаар ангитай хамтран галын аюулгүй байдлын дадлага сургуулилтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалт, дадлагаар галын бүлгэмийн гишүүд онцгой нөхцөл байдалд ажиллах мэдлэг, ур чадвараа бататгаж, гал түймрийн үед шуурхай, зөв арга хэмжээ авах дадлыг эзэмшив. Мөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр сургуулилт хийлээ.
Түүнээс гадна шинээр ажилд орсон ажилтнуудад галын дуудлага өгөх дараалал, осолдогчдыг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлэх арга ажиллагаа, анхны тусламж үзүүлэх талаар онол, практик хосолсон сургалт зохион байгуулсан юм.
Энэхүү дадлага сургуулилт нь ажилтан, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг нэмэгдүүлж, онцгой нөхцөл байдал үүссэн үед шуурхай, зөв хариу арга хэмжээ авах чадварыг бэхжүүлэх ач холбогдолтой сургуулилт болов.




















