“Эрдэнэт” сувиллын цогцолборын “Эрдэнэт” клиникийн эрхлэгч Б.Бурмаагийн мэдээлснээр, зусланд амрах хүүхдүүдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг амбулаторийн хэсэгт явагдаж, лабораториор цагаан хорхой болон шээсний шинжилгээ авч байна.
Хүүхдүүд өглөө өлөн ирж, шинжилгээгээ өгснөөр тухайн өдрийн 14:00–15:00 цагийн хооронд хариугаа авч, дараа нь уушги болон дотрын эмчийн үзлэгт хамрагддаг зохион байгуулалттай ажиллаж байгаа аж.
Хоёрдугаар ээлжинд амрах хүүхдүүдээс одоогийн байдлаар 45 нь тус клиникийн үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Бусад нь өөрийн орон нутгийн болон Орхон аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаар үзлэг, шинжилгээгээ хийлгэсэн байна.
Мөн амрагч хүүхдүүд бямба гарагт зусланд явдаг тул пүрэв, баасан гарагт эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ үзлэг, шинжилгээг эртээс төлөвлөж, хугацаанд нь хийлгэхийг эмч нар зөвлөж байна.















