“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсийн Эрүүл ахуйн товчооноос, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амрагч хүүхдүүдийн асран хамгаалагч нарт эрүүл мэндийн хуудас бөглүүлэхдээ хариуцлагатай хандахыг анхааруулав.
Зуслангийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 13 мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг найман ээлжийн турш хүүхдийн эрүүл ахуй болон хүнсний эрүүл ахуйн чиглэлээр байнгын хяналт шалгалт хийж байна. Энэ үеэр түгээмэл илэрч буй зөрчил нь амрагч хүүхдүүдийн эрүүл мэндийн хуудас дутуу бөглөгдсөн, мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаагүй тохиолдлууд байгааг тус товчооны дарга М.Болормаа онцолсон. Иймээс дараагийн ээлжээс эхлэн хүүхдүүдийг автобусанд суухаас өмнө эрүүл мэндийн хуудсыг нэг бүрчлэн шалгаж, шаардлага хангаагүй тохиолдолд зусланд хүлээн авахгүй байх арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ.
Энэ нь Хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны ерөнхий шаардлага MNS 5633:2023 стандартын 9.1.4-т заасан “Амрагч хүүхэд эмнэлгийн үзлэг, шаардлагатай шинжилгээнд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд тэнцсэн тухай мэргэжлийн эмч, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажуулсан тодорхойлолттой байна” гэсэн заалтыг мөрдөж буй хэрэг юм. Иймд ХАБЭА-н хэлтсээс эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг хугацаанд нь бүрэн хийлгэж, ялангуяа сүрьеэгийн эмчийн үзлэг болон чиглэлийн мэргэжлийн эмчийн гарын үсгээр баталгаажуулахыг онцгойлон анхаарууллаа.















