Эрдэнэт үйлдвэрийн харьяа, Орос 19 дүгээр дунд сургуулийн 52 дахь удаагийн төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр “Оюу” танхимд боллоо.
Энэ хавар тус сургуулийн 12 дугаар ангийг 29 суралцагч төгсөж, тэдний 16 нь ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах эрхийн бичгээ гарджээ. Баярын үйл ажиллагааг нээж, сургуулийн захирал Степанова.С.И. төгсөгчдөд хандаж хэлсэн үгэндээ, “Та бүхний төгсөлт сургуульдаа үлдэж буй сурагчдад тод үлгэр дуурайлал болж байна. Хичээл зүтгэл, хариуцлага, суралцах үйлсэд чин үнэнчээр, нухацтай хандах нь өндөр амжилтад хүргэдгийг та бүхэн дүү нартаа харуулж чадлаа. Өнөөдрийн бага ангийн сурагчид-ирээдүйн төгсөгчид ямар оргил өөд тэмүүлэх ёстойгоо, мөн хүрч чадахгүй зүйл гэж үгүй гэдгийг ойлгож байна. Энэ сайхан үлгэр дуурайллын төлөө та бүхэнд баярлалаа. Манай сургууль Монгол Улсын үйлдвэрлэл, анагаах ухаан, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх өндөр түвшний мэргэжилтэн, оюуны болон техникийн элитүүдийг бэлтгэх онцгой гарааны талбар байхаар зорьсон. Өнөөдөр энэхүү зорилго амжилттай хэрэгжиж байгааг бид харж байна” хэмээн бахархалтай хэлээд төгсөгчдөдөө зорилгодоо хүрэх замдаа үргэлж урагш тэмүүлж, өөрийн хүч чадалд итгэж, гэр бүл болон сургуулиасаа өвлөж авсан үнэт зүйлсдээ үнэнч байгаарай гэж захив.
2026 оны төгсөгчдөөс Б.Намуун, Ч.Хашбилгүүн, О.Номин-Эрдэнэ, Ч.Цацрал, Ж.Энхриймаа нар онцгой амжилттай суралцан, алтан медальтай төгссөн бол Б.Минжин, И.Намуунгоо, Б.Энхбаясгалан, Ангелина.Б.Д, Б.Намуунаа, О.Учрал нар мөнгөн медалиар энгэрээ гоёсон юм. Энэ бол асар их хичээл зүтгэл, авьяас чадвар, уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэж Ахлах ангийн сургалт, хүмүүжил хариуцсан менежер Виктория.Г.Ш энэ үеэр хэлсэн.
Мөн уран зохиол, түүх, газарзүйг амжилттай судалсан Анастасия.А.А, М.Баясгалан, О.Хулан, Б.Намуунаа, И.Намуунгоо, Н.Цэндсүрэн, С.Эрдэнэт-Од, математик, түүх, нийгэм судлал, химийн чиглэлээр амжилттай суралцсан Ангелина.Б.Д, геометр, хими, биологиор амжилттай суралцсан М.Бат-Эрдэнэ, Ш.Цэлмүүн, Б.Энхжин, Б.Халиунаа, Б.Минжин нарт өргөмжлөл гардуулав.
Орос сургуулийн төгсөгчдөд бүрэн дунд боловсролын гэрчилгээ гардуулах ёслолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн дарга Д.Өнөбат, Хамтын ажиллагаа, төсөл, нийгмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэбат нарын албаны зочид, сургуулийн удирдлага, багш, ажилтан, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.















