“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн 2026 оны зуны үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор холбогдох ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлыг ажлын хэсгийн ахлагч, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх удирдаж, зуслангийн үйл ажиллагааг хэвийн, аюулгүй, зохион байгуулалттай эхлүүлэхтэй холбоотой үүрэг, чиглэлүүдийг холбогдох нэгжийн удирдлагуудад өглөө.
Хуралдааны үеэр зуслангийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах, тухайлбал цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагаа, цэвэр усны тасралтгүй хангамжийг бүрдүүлэх асуудлыг онцлон хэлэлцэв. Мөн хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх, хяналтыг сайжруулах талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Түүнчлэн, зуслангийн үйл ажиллагаанд ажиллах түр ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээ, баталгаажуулалтыг бүрэн хангах, хүүхдүүдийг хүлээн авахын өмнөх эрүүл мэндийн үзлэг, урьдчилсан шинжилгээний хяналтыг сайжруулах нь хамгийн чухал байгааг тусгайлан анхаарууллаа. Энэ нь хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл орчныг бүрдүүлэх үндсэн нөхцөл болохыг онцолсон юм.
Зуслангийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний худалдан авалт болон нийлүүлэлтийг шуурхай зохион байгуулах, хугацаа алдалгүй гүйцэтгэх чиглэлийг ажлын хэсэгт өглөө.
“Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслан нь 2026 оны 6 дугаар сарын 20-ноос албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, нэг ээлжиндээ 184 хүүхэд хүлээн авна. Энэ зуны турш нийт 8 ээлжээр ажиллах бөгөөд ээлж бүрд хүүхэд багачуудын нас, сонирхолд нийцсэн сургалт, хөгжлийн хөтөлбөр, спорт, урлаг, танин мэдэхүйн тэмцээн уралдаан зохион байгуулагдана.
Зуслангийн зүгээс хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр дүнтэй, аюулгүй, хөгжилтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Зуслангийн эрхийн бичгийн үнэ болон бүртгэл, борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд удахгүй хүргэнэ.















